Далай лам өнөөдөр Монголд заларна. Ирээд X Богдыг тодруулах гэж байна хэмээн Монголын Бурхан шашны шинэ төвийнхөн мэдээлжээ. Үнэнийг хэлэхэд, энэ мэдээлэл дөнгөж өчигдөр яригдсан юм биш. XIV Далай ламыг залж авчраад X Богдыг тодрүүлүүлах томоохон операц зохион байгуулагдах гэж байгаа тухай улс төрийн хүрээнийхэн дунд шивэр авир ярьсаар удаж байгаа.
Хамгийн хачирхалтай нь X Богд маань нэр нөлөө бүхий улстөрчдийн хэн нэгний хүүхэд байж таарах гээд байгаа юм. IX Богд Жавзандамба хутагт 2012 онд жанч халснаас хойш л ийм өрсөлдөөн далд явагдсаар өнөөдөр 2-3 улстөрчийн хүүхэд тунаж үлдээд байх шиг байна. XIV Далай ламыг залсан нь ийм л учиртай.
Харин хэн ялж хүүхдээ Богд гэгээнээр тодруулах нь өнөө маргаашгүй тодорхой болж магадгүй. Гэвч энд нэг зүйлийг сануулах нь зүйн хэрэг болов уу. Нийтлэлч Б.Цэнддоогийн Хойд насны бизнес хэмээх түүхэн баримтад түшиглэсэн нэгэн жижгэвтэр бичвэр байна. Түүнд өгүүлснээр Анхдугаар Богд нь Түшээт ханы гэрт төрснөөс хойш Монголын хан, ноёд өөр өөрийн хувийн Богдтой байхыг сонирхох болов.
Шашны тэргүүнээс эхлээд дээд зиндааны хутагтын дүрийг тодруулах лицензийг Далай лам, Банчин эрдэнэ, Жавзандамба хутагт нар эзэмшинэ. Тэдэнд ихээхэн хэмжээний бэлэг сэлт, өргөл барих замаар тал олж өөрсдийн хөвгүүдэд аль нэг гэгээн хутагтын хувилгаан гэсэн тодорхойлолт гаргуулна гэжээ.
Явсаар энэ байдал нь жалгын нэг тарсан олон арван шашны удирдагчтай орон болох чиг рүү хөтөлсөн. Т иймээс Чин гүрний хаан 1762 онд зарлиг гаргаж феодлын гэр бүлээс хутагт тодруулахыг хоригложээ.
Улмаар 1789 онд Гадаад Монголын Төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт “…Жич олон Монгол хан, бэйл, бэйс, гүн, засаг, тайж нарын хөвгүүд, ач нарын дотроос хувилгаан залахыг нийтээр цаазлагтун. … урьд огт хувилгаан гарсан удаагүй аар саар лам нарын бие нөхөцсөн хойно хувилгаан эрж залахыг болиулагтун” хэмээн журамласан байдаг байна.
Тэр үед Халхын Сайн ноён хан Эрдэнэбандид хутагтыг жанч халсны дараа шанзав Наваандашаас Далай лам, Ламу чойжин нарт гуйж, түүнд 50 лан мөнгө, нэг торго өгч, Түшээт хан Цэрэндоржийн ба гүн Эрэнчиндорж нарын хөвгүүний аль нэгийг хувилгаан болгохыг гуйсанд Цэрэндоржийн хөвгүүн мөн гэсэн нь илрээд шийтгүүлж байжээ.
Харин өнөөдөр яригдаж буй энэ мэдээлэл үнэн байгаад нэр бүхий улстөрчид хүүхдээ X Богд болохоор зүтгэж байгаа нь тэртээ XVIII зууны үйлдэл өнөөдөр давтагдаж байна гэсэн үг.Нөгөөтэйгүүр үйлдэл гэхээсээ сэтгэлгээний “уламжлал” энд илэрч байна гэвэл зохино.
Харин Гандантэгчинлэн хийдийн Тамгын газраас өчигдөр “Далай багш 1979 оноос хойш найман удаа заларч, монголчуудын хүсэл гэгээрлийг номын рашаанаар хангаж ирсэн. Энэ бол улс төрөөс ангид цэвэр номын айлчлал. Номын айлчлалын хүрээнд Монголын сүсэгтэн олонд зориулж, нэн ховордсон номыг айлдана.
“Богд ламын авшиг”, “Шар Жигжид бурханы насны авшиг” гэсэн номуудыг айлдана. Мөн эрдэмтэн судлаачид болон оюутан залуустай уулзалт хийнэ” гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.