Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын сургуулийн бүртгэлийн талаар ерөнхий боловсролын сургуулиудад чиглэл өгчээ. Энэ хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг наймдугаар сарын 20-ноос бүртгэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Өмнөх жилүүдэд зургаан настнуудыг хаврын улиралд бүртгэдэг байсан.
Нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах сурагчдыг ямар сургуульд бүртгүүлэх буюу хамран сургах тойргийн тушаалыг жил бүр Нийслэлийн боловсролын газраас гаргадаг бөгөөд энэ тушаал ирэх долоон хоногт гарах юм байна. Өнгөрсөн жил 31 мянган хүүхэд элсэн суралцаж байсан бол энэ хичээлийн жилд 34 мянга 200 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах статистик тоон мэдээлэл гарчээ. Нийслэлийн хэмжээнд анги дүүргэлтийг хамгийн багадаа 45-д сурагчаар барина гэж албаны эх сурвалж мэдээлсэн аж.