Энэ жилээс цэргийн насны залуусын эрүүл мэндийн нэгдсэн сантай боллоо

800

Цэргийн жинхэнэ албаны 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын үйл явцтай танилцлаа. Энэ жилийн нэг онцлог нь цэргийн насныхны эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн цахим сантай болж байгаа аж. Ингэснээр цэргийн албанд  тэнцсэн тэнцээгүй бүхий л залуусын эрүүл  мэндтэй холбоотой мэдээллийг нэгтгэдэг өвчлөлийг хянадаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой болж байна.

Цэргийн зарлан дуудах хуудас авсан 18-26 насны залуус харъяа  дүүргийнхээ цэрэг татлагын комисст очиж үзлэгт орлоо. Энэ жилийн хувьд залуус цэрэгт явах сонирхол, идэвх сайн байгаа ч батлагдсан төсвөөр цэрэгт явъя гэсэн залуус бүрийг цэргийн жинхэнэ албанд татах боломж хязгаарлагдмал байгаа юм.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Өнөөдрийн санхүү эдийн засгийн нөхцөл, тайван цагийн орон тооны хангалт, төсвийн хөрөнгө оруулалт бүгдийг харгалзан зарлан дуудах хуудас авсан залуусыг бүгдийг цэрэгт татах боломж байхгүй байна. Төр засгийн зүгээс батлан хамгаалах салбарын чадавхийг бэхжүүлэх, зэвсэгт хүчнээ хөгжүүлэх тал дээр өмнөхөөсөө илүү анхаарал тавихгүй бол болохгүй болжээ гэдгийг харж байна. Дашрамд дурдахад цэргийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тусгайлан тавина гэж бодож байна. Цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах шаардлагын үүднээс тайван цагийн орон тоог тооцсон атлаа цэргээ гүйцээж авахгүй байна гэдэг төр засгаас анхаарах ёстой асуудлын нэг болоод байна” гэлээ.

Монгол Улсын Батлан хамгаалах багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор залуус цэргийн албыг таван төрлөөр хаах боломжтой байгаа. Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж цэргийн зарлан дуудах хуудас авсан 18-26 насны залуус биечлэн очиж байхыг сануулж байна.

Харин иргэний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ хүлээлгэх болж байна.