Найруулагч Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино маргаашнаас кино театруудаар гарч эхэлнэ. Энэхүү кино нь найруулагч Г.Эрдэнэбилэгийн бие даасан гурав дахь бүтээл юм. Өмнө нь тэрбээр “Академи авардс-2015” наадмын шилдгийн шилдэг уран бүтээлээр шалгарсан “Аав”, “Үргээлэг-2” уран сайхны киног найруулсан бол энэ удаа уг киноны ерөнхий продюссерээр ажиллаж, гол дүр Галтын дүрийг бүтээжээ. Тэрбээр хэлэхдээ, “Эцэг эх нь хол ажиллаж, амьдарч байхад тэднийгээ үгүйлэн, харж хамгаалах хүнгүй өсч байгаа хүүхдүүд хичнээн байгаа бол? Монголын өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилж киногоороо хөндөж гаргахыг хичээсэн. Гэхдээ бас айхтар хар бараан талаас хүмүүс битгий ойлгоосож гэж хүсэж байна. Хэдийгээр ОХУ-д болсон үйл явдал боловч бид аль болох цус нөж, хүчирхийллийг дэлгэцэн дээр үзүүлэхээс зугтаахыг хичээж, уран сайхны аргаар харуулсан” гэв.
Киноны эсрэг дүрд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ. Гаднаа сайн хүн мэт харагдах ч үнэндээ мөнгөөр бүхнийг шийддэг баян бизнесмэний дүр юм. Киноны дүрүүдэд Г.Маргад-Эрдэнэ, Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар дүр тогложээ. Энэхүү киноны албан ёсны нээлт энэ сарын 03-нд Корпорэйт “Корпорэйт конвэйшн центр”-т болно.