Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.04.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийнэцсийн хэлэлцүүлийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.
Тус байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхын хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан аж. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг дэмжсэн гэлээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.5 хувь нь дэмжив. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл нэг бүрийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин баталлаа.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын зохицуулалтыг тодорхой болгож Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах болон уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооноос санал, дүгнэлт гаргахаар хуулийн зохицуулалтыг тодорхой болгож төсөлд тусгажээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү зарим зүйлийг тодруулж, хууль санаачлагчаас хариулт авсан. Үүний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналыг томьёоллуудаар санал хураалт явууллаа. Төслийн 2 дугаар зүйлийн 6.9.1-ийн “эд мөрийн” гэснийг “нотлох” гэж өөрчлөх, 4 дүгээр зүйлийг хасаж, хуулийг ердийн журмаар дагаж мөрдөхөөр өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Тус байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зармчын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол асуулт асууж, хууль санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, хуулийн төслийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан илэрхийлээд нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын ай савын дагуух барилга, обьектууд, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгааг цаашид хэрхэх талаар тодрууллаа. Агаар, орчны бохирдол хүндэрсэн өнөөгийн нөхцөлд Улаанбаатарын дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгамдаад байгааг тэрбээр тэмдэглэж байв. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо орох чиглэлийн дагуу Туул голын урд хэсэг нь тусгай хамгаалалттай газар бөгөөд энэ бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байдаг талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал өглөө. Эдгээрээс 28 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг 2018 оны нэгдүгээр улиралд цуцалсан бол хүрээлэн буй орчинд эрсдэл үүсгээд буй 28 тусгай зөвшөөрлийг цуцлахаар ажиллаж байгаа гэв. Мөн Туул голын дагуух аялал жуулчлалын бүс байгуулах төлөвлөлтийн дагуу тодорхой ажлууд хийгдэж байгаа аж. Хэлэлцэж буй хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан байгааг өөрчилж, хугацаагүй болгох саналыг өмнөх хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн гишүүн гаргасан талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Тогтохсүрэн дуулгав. Энэ саналыг Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр авч үзсэн эсэхийг тэрбээр тодрууллаа. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд газрын харилцаа, газар хувьчлалын асуудлыг бодлогын түвшинд иж бүрнээр нь зохицуулах нь зүйтэй гэдэг саналуудыг хэлж байсан хэмээн Г.Тэмүүлэн гишүүн хариуллаа.
Хэлэлцэж буй төсөл дэх хугацааны асуудлыг “10 жил” гэснээр нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд дэмжсэн гэлээ. Төвлөрсөн дэд бүтэц бүхий суурин газруудад иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх сонирхолтой байгаа хэдий ч энэ нь хүрэлцээгүй байгаа учир төр үүн дээр анхаарал хандуулж нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр дагуул хотуудыг байгуулах, шаардлагатай бол тодорхой аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэх зэрэг шийдвэртэй алхамуудыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг Д.Оюунхорол илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь уг саналыг дэмжсэн. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 76.7 хувь нь, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80 хувийн саналаар тус тус дэмжиж баталлаа.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.3.3-д “Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг 2 хувиар нэмэгдүүлнэ”, 2015 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” –ын 3.1.5-д “ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж, мод орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай мод, модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлого баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон түүвэрлэх огтлолт зэрэг ойн экосистемд халгүй аргаар бэлтгэсэн модоор хангах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил, болон импортоор оруулж байгаа мод орлох бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлага тулгарсан гэв.
2013 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн байжээ. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс үзэхэд 2013 онд 23858.7м3 мод, модон материал гаднаас имортолж байсан бол 2015 онд 34370.7м3 болж 10.5м3 – ээр буюу 1.5 хувиар өссөн байна. 2017 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн зориулалтын хэрэглээний модны хэмжээг 47,2 мянган шоометрээр тогтоосон нь 2013 оныхоос даруй 40,7 хувиар бага байгаа, цаашид буурах хандлагатай байгаа нь ч татварын хөнгөлөлттэй шууд холбоотой аж. Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулжээ. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр төсөлд тусгасан болохыг Н.Цэрэнбат танилцууллаа.
Дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төсөл санаачлагч нь экологи, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн үзсэн тус төслийг Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс Төсвийн тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой тодорхой саналуудыг гаргасан хэмээн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ дурдсан.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын О.Баасанхүү, Н.Оюундарь, Ж.Мөнхбат, О.Батнасан, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, А.Ундраа, С.Бямбацогт нар асуулт асууж, хариулт авлаа. Мөн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.