Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр мэдээллээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцов.
АТГ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллалаа.
2018 оны 4 дүгээр сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 100 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.
Энэ сард Эрүүгийн хуулийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 344 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 24 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 7 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлсэн.