Шинэчлэн боловсруулж буй зарим журмын төслийг зах зээлд оролцогчдоор хэлэлцүүлэв

658
Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн зах зээлд мөрдүүлж буй журам, дүрмүүдээ шинэчлэн сайжруулах, багцлан нэгтгэх болон цэгцлэх ажлыг сүүлийн хагас жил гаруйн хугацаанд хуульд заасан шаардлага, дэс дараалал, үе шатны дагуу хийж байна.
2006 оноос буюу Хороо байгуулагдсанаасаа хойш даатгалын, үнэт цаасны, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны салбаруудад нийт 170 орчим журам, заавар, арргачлал мөрдүүлэн ажиллаж буйн 60 орчим нь үнэт цаасны салбарын журмууд юм. Эдгээрийн 33-ыг нэгтгэн дөрвөн журам болгох, мөн 20-ыг нь шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Түүнчлэн гурван журмыг хүчингүй болгох юм.
Шинэчлэн боловсруулж буй журмуудын гурвыг буюу “Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам”, “Зохицуулалттай этгээдийн эрсдэлийн сангийн журам”, “Зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчаас зар сурталчилгаа явуулах журам”-уудын төслийг өнгөрөгч долоо хоногт зах зээлд оролцогчдоор хэлэлцүүллээ.
Журмуудын төслийг Хорооны цахим хуудсанд байршуулан хуулийн дагуу нэг сарын хугацаанд олон нийтээс нээлттэй санал авч төслүүдэд тусгасан бөгөөд энэ удаа үнэт цаасны арилжааны байгууллагууд, брокер, дилер болон андеррайтерын компанийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгээр зах зээлд оролцогч нар цөөнгүй санал хэлснийг баталгаажуулан бичгээр авч, журмуудын төсөлд тусгахаар тогтлоо.