Ж.Батболд: Ц.Нямдорж сайдын урд хөршийн нууц байгууллагатай холбогдсон түүх зэрэг олон зүйл бичигдсэн

1886
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яах аргагүй Монголын лидер улстөрч. Тэрбээр олон жил төрд зүтгэж, сайн муу олон ч нэрийг зүүсэн нэгэн. Тэгвэл түүний талаар олон нийт тэр бүр мэддэггүй баримтыг судлаач Ж.Батболд  дэлгэж, ном хэвлүүлэхээр зэхэж байгаа юм байна. Түүнтэй удахгүй гарах номных нь талаар ярилцлаа. 
 
-Та яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар ном бичихээр болов. Их л сонирхол татаж байна?
-Юуны өмнө  энэ бүтээлд улстөрийн ямар ч үнэр байхгүй гэдгийг онцлон хэлье. Судлаачийн хувьд л сонирхож судалсан. Ялангуяа Ц.Нямдоржийн нэр холбогдсон нууц баримт бичгийн хувьд нууц хэрхэн хулгайлагдсан, тус баримт бичгийн агуулгын хүрээнд төр засгийн удирдлага ард түмнийг хууран мэхлэхийн тулд хэн юу зохиож бичиж байсан зэрэг сонирхол татах зүйл олон байдаг учраас энэ сэдвээр ном бичихээр судалгааны ажлаа эхлүүлсэн. Түүнээс өөр ил далд ямар нэгэн санаа зорилго агуулаагүй.
– Номынхоо агуулгыг уншигчдад танилцуулахгүй юу?
-Уг бүтээлд Ц.Нямдоржийн улстөрийн үзэл баримтлал, сэтгэлзүйн зураглал түүний хятадын тусгай албатай холбогдсон түүх гээд олон сонирхолтой зүйлүүд бичигдсэн.
-2000 оны эхэн үед сайд Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” гэсэн 45 хуудас “маш нууц” баримт хэвлэлээр цацагдаж шуугиан дэгдээж байсан. Энэ талаар таны бүтээлд тусгагдсан уу? 
-Тун удахгүй уншигчдын хүртээл болох бүтээл таны асуултад нэн ойлгомжтой, товч тодорхой хариу өгөх учраас, дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Сэдвийн хүрээнд “ил эх сурвалж”-ийн маш олон баримт сэлт, мэдээ мэдээлэл  ашигласан.
– Баримт сэлтээ хэрхэн цуглуулсан бэ. Үүнд хэр зэрэг хугацаа шаардсан бэ? 
-Олон мэдээ баримт сэлт ашигласан. Хамгийн гол нь мэдээ, мэдээлэлд харьцуулалт дүн шинжилгээ хийх нь чухал шүү дээ.
-Тагнуулын төв газрын дарга асан генерал Ж.Баатар Ц.Нямдоржийг эх орноосоо урвасан онц хүнд гэмт хэрэгт  гүтгэж 7 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч өнөөг хүртэл өөрийгөө хэлмэгдсэн гэж ярьдаг. Ж.Баатар үнэхээр хэлмэгдсэн хүн үү?
-Төрийн нууцаа задалж үндэсний эрх ашигтаа ноцтой хохирол учруулдаг улстөрчид, генералуудтай улс  орон маш ховор. Харин энэ асуудал манай улсад үзэгдэл болсон. Удахгүй уншигчдын хүртээл болох “Тагнуулын хэрэг” номонд генерал Ж.Баатар, Л.Гүндалай болон зарим улстөрийн намын удирдлагын зүгээс тухайн үед хийж байсан болчимгүй буруутай  үйлдлүүдийг маш тодорхой дурдсан. Төрийн нууц нь задарч байхад түүнийг хамгаалахын оронд хэвлэлээр задруулж, гадны элчин сайдын яамд руу факсаар илгээж байна гэдэг бол хариуцлагагүй, бүдүүлэг үйлдэл шүү дээ. Тагнуулын хэргийг шалгах үйл  ажиллагаа маш нууц нарийн процедуртай байдаг. Тагнуулын талаар ямар ч мэдлэггүй сэтгүүлч энэ асуудлаар нэвтрүүлэг хийж, эх орончдын дүр эсгэсэн улстөрчид нь хэвлэлээр янз бүрийн мэдэгдэл, захиа занаа бичээд, эсвэл хэн нэгний хуурамч “зохиол”-оор шийдэгддэг асуудал бол хэрхэвч биш.
-1992 онд “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв” гэх нууц байгууллага заавал яагаад Ц. Нямдоржийг сонирхож урьсан юм бол. Энэ асуудал надад  сонирхолтой санагддаг. Та ямар бодолтой байдаг вэ?
-Аль ч орны  тусгай алба шаардлагатай мэдээ мэдээлэл олохын тулд хэнийг ч сонирхож болно. 1990-1991 он бол манай улсын хувьд эзэгтэй үе байсан. Орос, Хятад хоёр хоёулаа манай улсыг сонирхож байсан. Хятадын тусгай алба  манай улсын нөлөө бүхий албан тушаалтантай холбоо тогтоож Монгол төрийн бодлогод нөлөөлөх боломж эрэлхийлж  байсныг үгүйсгэх аргагүй. Тухайн үеийн Хууль зүйн тэргүүн дэд сайд бол Засгийн газраар дамжин Улсын бага хуралд өргөн баригдах хуулийн төслийг боловсруулахад шууд оролцдог хариуцлагатай албан тушаал байсан юм шүү дээ.
-Энэ асуудлаар тухайн үеийн ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн 2003 онд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө  “Ц.Нямдорж хятад руу Засгийн газрын томилолтоор яваагүй. Гадаадын тусгай албаны нөлөөнд автсан хүн. Хятадад явсан ажлын тайлангаа гаргаж өгөөгүй. Албан тушаалаасаа огцорч шалгалуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Та энэ асуудлыг судалж байгаа хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Тухайн үед хэвлэлд нийтлэгдэж байсан ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн  мэдэгдэлд “Ц.Нямдорж 1992 оны хоёрдугаар сард  тухайн үеийн  Ерөнхий сайд  Д.Бямбасүрэнгийн зөвшөөрсний дагуу Хууль зүйн сайд Ж.Амарсанаагийн 31 тоот тушаалаар БНХАУ-д томилолтоор ажилласан тухай дурьдсан байдаг. юм.Ц.Нямдорж хятадад буцаж ирснийхээ дараа хятадад хэрхэн явсан тухайгаа тагнуулын ажилтанд танилцуулсан гэж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо шүүхийн “Шийтгэх тогтоолоос” уншиж байсан. Ийм тохиолдолд Ерөнхий сайдад тайлагнах  ямар ч шаардлага байхгүй. Засгийн газрын томилолт биш байсан ч цаана төрийн ажил явагдаж байсан учраас үүнийг заавал  тодотгох ямар ч шаардлага байхгүй.
-2003 онд тухайн үеийн ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа М.Батсайхан  45 хуудас маш нууц материалд “Ц. Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэсэн нэг ч үг үсэг байхгүй” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан. Хэвлэлд нийтлэгдсэн маш нууц мэдээнд сайдыг гадны тусгай албаны хүмүүстэй уулзсан, бэлэг сэлт авсан гэж бичигдсэн байтал яагаад ийм тайлбар хэлж  байгаа юм бол одоо хүртэл эргэлздэг. Зарим улстөрийн намын гишүүд, удирлагууд уг хэрэгт  Ц.Нямдоржийг хөндлөнгөөс нөлөөлж хэргийг өөрийн талд ашигтай байдлаар  шийдвэрлүүлсэн гэж ярьдаг. Энэ талаар тайлбар хэлэх үү? 
-Би таны энэ асуултад маш тодорхой, ойлгомжтой хариулъя. Хамгийн гол нь Ц.Нямдорж Хятадын тусгай албаны ажилтнуудтай өөрийн санаачлагаар харилцаа тогтоосон уу, эсвэл  түүнийг тэдний нөлөөнд автуулах ажлыг зориуд зохион байгуулах урхи шидсэн үү, гэдгээс хамаарч  “Хятадын тагнуул”  эсвэл “нэг ч үг үсэг байхгүй” гэдэг асуудал яригдсан байх. Асуудлын гол нь үүнд л байгаа юм. Үүнийг л ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-2003 онд сайд Ц.Нямдорж түүнтэй холбоотой нууц мэдээ, мэдээлэл задарч байх үед тэрбээр  “Би үнэхээр бардам байна. Асуудал задрах тусмаа надад ашигтай байх болно” гэж мэдэгдэж байсан. Үүнийг зарим хүмүүс түүний албан тушаал эрх мэдэлтэй нь холбож ойлгодог.  Та судлаачийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Магадгүй Монгол төрийнхөө төлөө зүтгэж, тагнуулын нууц арга хэмжээнд оролцсон учраас тэгж тайлбарласан ч байж болно. Мөн тэрбээр “Болдогсон бол сэтгэлээ онгойтол ярьж энэ хүнд дөнгөнөөс салмаар байна” гэж ярьдаг хэдий ч сайд энэ асуудлыг  ард түмэнд нээлттэй ярьвал төрийн нууц задруулах учраас сайд Ц.Нямдорж бодит үнэнийг хэзээ ч ярих боломжгүй юм. Шатарын тоглолтоор бол “ацан шалаа”-тай зүйрлэж болно.
-Ц.Нямдорж сайдтай холбоотой 45 хуудас мэдээ мэдээлийн хүрээнд номоо бичсэн үү.  Эсвэл, өөр эх сурвалж ашигласан уу?
-Ц.Нямдорж сайдыг  гадны тагнуулын байгууллагатай холбоотой гэх мэдээлэл 2003, 2004 оны хэвлэлүүдийн бараг хуудас  бүрт бий. Мэдээж  хэвлэлд нийтлэгдэж ил болсон баримт сэлтээр судалгааны ажил хязгаарлагдаж байгаа боловч, үйл явдлын өрнөлд сонирхолтой дүн шинжилгээ хийгдсэн нь бүтээлийн онцлог гэж дүгнэж болно.
-Та Ц.Нямдоржтой уулзаж ярилцаж байсан уу. Ямар нэг нам улстөрчийн захиалгаар энэ номыг бүтээсэн үү?
-Би Ц.Нямдорж сайдтай уулзаж байгаагүй. Түүний хэвлэлд өгч байсан ярилцлага, оролцож байсан нэвтрүүлэг, УИХ-ын чуулганд хэлж ярж байсан олон зүйлийг харьцуулж  “Ц.Нямдорж гэж хэн бэ?” гэсэн зураглалыг гаргасан. Энэ хэсэг их сонирхолтой байсан. Уг бүтээлийг улстөржүүлэх, элдвээр хардаж сэрдэх  ямар ч шаардлагагүй. Мэргэжлийн хүний  хувьд л сонирхож судалсан. Би хэн нэгний зараалын морь болчих тийм үзэл бодолтой хүн огтхон биш.
-Таны бүтээл хэзээ уншигчдын хүртээл болох вэ?
-Ирэх тавдугаар сард багтаан нийтийн  хүртээл болно.
-Ц.Нямдоржийн зүгээс элдэв янзын дарамт ирнэ гэж бодохгүй байна уу? 
-Үнэнийг хэлэхэд надад тийм айдас өчүүхэн ч алга. Монгол Улсын иргэд үндсэн хуулиар үзлээ бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх олгогдсон биз дээ. Энэ дуулиантай асуудалтай холбоотой асуудлаар  2003 оноос өдийг хүртэл хэвлэлд нийтлэгдэж байсан мэдээлэл дунд үнэн бодитой, харьцуулсан, дүн шинжилгээ хийсэн мэдээлэл ердөө байдаггүй.  Ц.Нямдоржийн гадны тагнуул гэх асуудал хуулийн дагуу шийтгэгдэж гэм буруутай этгээд нь эрүүгийн хариуцлага хүлээсэн хэдий ч  ард түмний дунд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Хятадын тагнуул мөн,  биш эсэх тухай эргэлзээ одоо болтол бий.  “Чоно борооноор, хулгайч шуурганаар” гэгчээр төрийн нууцаар халхавч хийж зориуд хуурамч мэдээлэл түгээдэг, асуудлыг улстөржүүлж улстөрийн ашиг хонжоо хайж улсаа “хорлон саатуулдаг”  бүтэхгүй этгээдүүд ч олон бий.  Монголын ард түмний тархи хоосон, худал хуурмаг мэдээллийн хогийн сав байж болохгүй биз дээ. Энэ бүх эргэлзээг тайлахыг хичээсэн, тайлах ч болно.