-Ажил гэдэг хүнийг мохоож, хүнлэг бус болгодог зүйл байх ёсгүй-
Ажил, амьдралдаа манлайлах хүсэл болгонд төрдөг. Ерөөсөө ийм байх юмсан гэж бүгд бодож, энэ бодлынхоо төлөө хичээдэг. Гэвч арга мухардах эсвэл арга, ухаанаа олохгүй төөрөлдөх нь түгээмэл. Эндээс л ажиллах урам зориг унтрах, урагшаа алхах итгэл цуцах, өндөр бүтээмж, өөр шинийг сэтгэх бүхэн нурах шиг болдог. Тэгвэл үүнээс хэрхэн хурдан гарах, ямар гарц хаана байгаа, аль замаар явуул түүнд түргэн хүрч болох, орчин цагийн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн өөрийгөө олоход ‘Ажлын дүрэм’ ном таньд хөтөч болно гэж найдаж байна. Уншигчийн нүдээр харахад, эл бүтээл хүнд их хэрэгтэй ном болжээ.
Монгол хэлнээ хөрвүүлэн гаргаад тун удаагүй боловч хэдийнэ уншигчдын дунд танил болж, энэ хэрээр эрэл сурал болсон уг бүтээл таны ажил, амьдралд илүү дотнын зөвлөгч, итгэл алдахгүй нөхөр байж чадна гэдэгт уг номыг өөрийн туршлага болон Google-ийн дотоод туршлагуудад түшиглэн бичсэн Ластло Бок хэлжээ. Түүний хувьд дэлхийг өөрчилж чадсан компанийн Хүний үйл ажиллагаа хариуцсан багийн тэргүүн. Энэ хүний ажил чухамдаа хүн хэрхэн үр дүнтэй, урам зоригтой ажиллаж болохыг бусдад нээж харуулах, сайн жишээ, ололтыг нэвтрүүлэх, ажлаа зовлон бус аз жаргал гэж харах тэр өнцгийг бусдад хэлж өгөх. Тэрчлэн компани яаж хүний нөөцийн зөв бодлогоор хурдан дэвжиж, дээшилж болдог гэдгийг мөн энд өгүүлсэн байна.
‘Бид амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажиллаж өнгөрөөдөг. Иймээс ажил гэдэг хүнийг мохоож, хүнлэг бус болгодог зүйл байх ёсгүй’ гэж Ластло Бок үздэг. Тийм учраас л өнөөдөр та бүхэнд тэрбээр өөрийн номоо хүргэж, орчин цагийн компаниуд юун дээр алдаж, онож байгааг батлан харуулах гэж хичээсэн байна. Мөн ямар сайн туршлага Coogle компанийг дэлхийн хэмжээний болоход хүргэсэн талаар энд гарна. Байгууллагын соёл, удирдлагын хандлага эндээс л тухайн компанийн талаар илүү их мэдээлэл цуглуулж болдог.
Өнөө цагт шинэ тутам гарч ирж буй компаниудад тулгарч буй нийтлэг бэрхшээл бол хүний нөөц. Гэтэл хүний нөөц шинжлэн ухаан болон хөгжиж байна. Компани байгаа боломжит нөөцөө хэрхэн зөв удирдан залах, яаж энэ багаа тогтвортой цаашид хадгалж үлдэх. Энэ нь захирлуудын толгойн өвчин болж буй. Монголд ч ялгаагүй энэ байдал газар авч, захирлууд хүнээ хэрхэн тогтоох тухай хоорондоо ам уралдан ярьж суудаг. Тэгвэл ‘Ажлын дүрэм’ ном захирлуудад толгой өвчин намдаагч эм болохоор юм. Эм уухгүй бол толгой өвдсөөр л байдаг.
Компани амжилттай байхын нууц бол баг. Баг сайн байхад хүний нөөц илүү чухал. Энэ болгоны ‘хөрс’ нь хүний хөгжил. Хүний хөгжил дотор хувь хүний зохион байгуулалт, хариуцлага, ажилдаа хандах хандлага, бүтээлч байдал, мэдлэг, ур чадвар, соёл, ёс суртахуун эгнэн жагсана. Хүнийг нээдэг газар байдаг бол бас хөгжлийг нь чөдөрлөж орхидог газар бас байна.
Хүн ажиллахад хамгийн тохиромжтой газраар Google удаа дараа шалгарсан байдаг. Компанийнхаа өнөөгийн болон ирээдүйн хөгжлийг өнөөдөр бодож суугаа хүн болгонд эл ном хамаатай санагдана. Тэрчлэн гарааны компани хэрхэн ажилттай ажиллах талаар эл номноос харж болохоор байсан. Том компанийн жижиг алдаа хүртэл өнөөдөр бойжиж буй компанийн маргаашийн эрсдэлийг хааж байдаг. Энэ утгаараа бусдыг удирдаж, бизнес эрхлэх, эсвэл байгууллага толгойлж ажиллах хүн болгонд ‘Ажлын дүрэм’ луужин байж чадна. Зөвхөн захирал болон дарга хүнд энэ ном зориулагдаагүй. Харин ирээдүйд чи хэн болмоор байгаа, хэрхэн энэ амжилт, ололтыг бүтээхэд ‘Ажлын дүрэм’ өгсөх замд шат болох билээ.
Аливаа том зүйл энгийн зүйлээс эхэлдэг. Хамгийн наад зах нь, багаа яаж залах, хүний нөөцөө хэрхэн хуваарилах, ажилчдаа хэрхэн урамшуулах зэрэг өдөр тутам гарч байдаг өчнөөн асуудалд ‘Ажлын дүрэм’ хариулт өгнө. Компани удирдлагад бус багийн зохион байгуулалтад суурилж, үүнд түшиглэн урагшаа хөгждөг гэдгийг Google-ийн жишээнээс харж болох юм. Google бол уламжлалт хандлагуудыг өөрчилж, эвдэж чаддаг компаниудын нэг. Үүгээрээ ч тэд алдартай. Энэ нь компани амжилттай байхад том нөлөө үзүүлсэн гэдэг.
Дэлхийг цахим ертөнц болгон хувиргасан тус компани хүмүүсийн цаг хугацааг хэмнэж, бүхий л мэдээллийг нэг дор төвлөрүүлж буй. Хүн өөдөө тэмүүлдэг тулдаа л өндөр болдог гэдэг. Тэгвэл хийж байгаа ажилдаа дуртай, урам зоригтой байхад ‘Ажлын дүрэм’ хуучны арга барилыг эрс өөрчилж, шинэ зүйлийг энэ номоос авч үлдэхэд тусална гэж бодож байна. Хүн зөв цагт, зөв газар, зөв номоо бариад сууж байвал боломж хэзээд дэргэд байдаг.
Бид өөрөө өөрсдөө өнөөдөр байгаа хувь заяаныхаа жинхэнэ эзэн нь. Үүнийг өөрчлөх боломж, тийм эрх чөлөө зөвхөн бидний оюун санаанд, бидний гарт, бидний ухамсарт, бидний хандлагад угтаа оршиж байгаа. Түүнээс бусдаас хамааралтай гэж үзэн хувь заяагаа хөсөр орхиж эсвэл цаг хугацаанд даатгах нь хэтэрхий хайран. Хүн болгонд ижил цаг хугацаа олгогдсон. Хоногийн 24 цаг, үүнээс найман цагийг нь ажлын байран дээрээ бид өнгөрүүлдэг. Гэхдээ зарим үед илүү цагаар ажиллах шаардлага бас гарна. Илүү цагаар ажиллах тохиолдолд бид тухайн ажилласан цагийнхаа цалинг тооцуулж авах учиртай. Харамсалтай нь, манай компаниудад энэ соёл дөнгөн данган хэрэгжих гэж аядаж байна.
Найман цаг өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд үйлчилж буй ажил эрхлэлтийн хэм хэмжүүр боловч энэ хугацаанд та хэр өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг вэ. Ажилласан ч үүнийг компанийн удирдлага хэрхэн үнэлж мэддэг вэ. Энэ асуулт эргээд үүнээс илүү бага цагт өндөр бүтээмжтэй, үр дүнтэй ажиллах боломж байгааг давхар хэлдэг. Заавал найман цаг бид ажиллах шаардлагатай гэж үү. Өндөр бүтээмж, шинэ арга барилыг өөртөө эзэмшүүлэхэд ‘Ажлын дүрэм’ тусална. Тэрчлэн өөртөө итгэлтэй байхад хүртэл дэм болно. Зохиогч ‘Энэ ном бол бид хүмүүсээ хэрхэн үнэлдэг хийгээд өнгөрсөн 15 жилийн турш бидний олж авсан туршлагыг та өөрийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж, манлайллын арга барилдаа төдийгүй амьдралдаа эрс өөрчлөлт хийж болох талаар өгүүлнэ’ хэмээн онцолсон юм.