Хэвлэл Мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр болж, хоёр телевизэд хаяглан ирүүлсэн нэг иргэний болоод бизнесийн байгууллагын гомдлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.
Эхний гомдлыг иргэн Б.Батзоригоос C1 телевизээр 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэвтрүүлсэн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн “Оффшорчдын нууц-Сү.Батболдын бүлэглэл” дугаарт хаяглан ирүүлсэн байна. Тэрээр гомдолдоо дээрх нэвтрүүлгээр өөрийг нь Сү.Батболдын бүлэглэлийн нууц ноёнтнуудын нэг хэмээн зарласан, хувийн мэдээлэл, зургийг зөвшөөрөлгүй цацсан, гарын үсэг гэж хуурамч баримт үзүүлсэн зэрэг нь ор үндэсгүй гүтгэлэг, нэр төрд нь халдсан явдал болсон бөгөөд тайлбар өгөх гэсэн хүсэлтийг нь С1 телевиз хүлээн аваагүйг дурдсан байна.
Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг нь “тусгай албанд шургалсан нууц ноёнтон” гэсэн мэдээллийг нягтлан шалгаж, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулаагүй, эх сурвалжийг тодорхой дурдаагүй, энэ мэдээлэл нь баталгаагүй, таамаг гэдгийг дурдаагүй байна гэж дүгнэсэн. Түүнчлэн С1 телевиз нь дээрх сурвалжлагаар буруутгагдсан этгээд болох иргэн Б.Батзоригийн тавьсан хүсэлтийг үл хэрэгсэн түүнд хариу тайлбар хийх боломж олгоогүй байна гэж үзлээ.
Хэдийгээр С1 телевиз нь энэ нэвтрүүлгийг өөрийн телевизийн бүтээл биш, гэрээний үндсэн дээр нэвтрүүлсэн, уг нэвтрүүлгийн бодлого, зарчимд оролцдоггүй гэсэн хариу тайлбарыг өгсөн ч тус телевизийн хувьд Монгол орон даяар нэвтрүүлгээ цацах тусгай зөвшөөрөл бүхий өргөн нэвтрүүлгийн телевизийн хувьд өөрийн эфирээр түгээсэн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгийн агуулгыг хуулийн дагуу хариуцна гэж Ёс зүйн хороо үзсэн. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мөн чанар нь тухайн хэвлэл мэдээллийн редакц нь сэтгүүлчийнхээ бэлтгэсэн төдийгүй өөрийн эфирээр олон нийтэд түгээсэн нийтлэл, нэвтрүүлгийг мэргэжлийн сэтгүүл зүйн хэм хэмжээ болох ёс зүйн зарчмын хүрээнд байгаад хяналт тавьж, хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь ямар нэгэн сэтгүүлчийн нэрээр гомдлыг хүлээж авдаггүй, харин тухайн нийтлэл, нэвтрүүлгийг олон нийтэд түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагын нэрээр хүлээж авдаг нь ийм учиртай.
Ингээд С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1 дэх заалт буюу “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2 дахь заалт болох “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.6 дахь заалт болох “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг, 1.8 дахь заалт болох “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.
Дараачийн гомдлыг “Эмээлт зах” ХХК-аас ХМЗ-д ирүүлжээ. Royal телевиз өнгөрсөн оны аравдугаар сарын 23-ны өдрийн “Халуун цэг” мэдээллийн хөтөлбөрөөрөө “Хятадуудын гарт монгол адуу тамлагдаж байна” сурвалжлага бэлтгэн давталттайгаар нэвтрүүлэхдээ бодит байдлыг нягтлалгүйгээр бизнесийн нэр хүндэд нь халдсан гэж тус компани үзжээ.
Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд дээрх сурвалжлагыг бэлтгэхдээ мэдээллийг баталгаажуулаагүй, мушгин гуйвуулж, агуулгыг буруугаар ойлгуулсан, эх сурвалжийг дурдаагүй төдийгүй баталгаатай эсэхийг нягтлаагүй, баталгаагүй мэдээлэл ашигласнаа илэрхийлээгүй, үзэл бодлоо оруулж, дүгнэсэн, нэр хоч өгч “хятадууд, хужаа” гэсэн үгийг олон давтаж хэрэглэсэн нь мэдээллийг дэвэргэсэн, хөөргөсөн байна гэж үзлээ. Улмаар Royal телевизийн дээрх сурвалжлага нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1 дэх заалт буюу “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2 дахь заалт болох “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.3 дахь заалт болох “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг, 1.5 дахь заалт болох “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэснийг, 1.6 дахь заалт болох “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг, 3.2 дахь заалт болох “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ” гэснийг, 4 дэх заалт болох “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.
С1 телевиз болон Royal телевизэд цаашид энэ алдаанаасаа суралцах, дахин давтахгүй байх, олон нийтэд түгээж байгаа нийтлэл, мэдээлэлдээ сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ болох ёс зүйн зарчмыг баримтлан ажиллах, гомдол гаргасан этгээдээс уучлал хүсч, залруулга гаргахыг Ёс зүйн хорооноос зөвлөмж болголоо.
Эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба