С.Баяр, Ч.Сайханбилэг нар хоригдлоо

1089
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчиллаа. Тэднийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс  энэ сарын 10-нд баривчилж,  ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан байна.  Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг “Рио Тинто”-той байгуулсан бөгөөд энэ гэрээг байнгуулах үед С.Баяр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байсан юм. Харин С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ч мөн АТГ-аас саатуулаад байгаа билээ.
Тэгвэл Оюутолгойн дараагийн шатны үйл ажиллагааг эхлүүлж шийдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэг Дубайд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Улмаар Дубайн гэрээг УИХ-аар хэлэлцүүлээгүй гэх шалтгаанаар Ч.Сайханбилэгийг шалгаж байгаа аж. Тэгвэл “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайханыг мөн Дубайн гэрээтэй холбоотойгоор саатуулаад байгаа юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд өнгөрсөн даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 9-нд эх орондоо ирсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 10-нд түүнийг АТГ-аас саатуулжээ.  Ингэснээр Оюутолгойн гэрээний асуудлаар Монголын 25 болон 28 дахь Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нар хоригдоод байна. Эх сурвалжийн мэдээлснээр С.Баярцогт АТГ-т мэдүүлэг өгөх гэж очоод саатуулагдсан бол С.Баяр, Ч.Сайханбилэг нар ч мөн адил мэдүүлэг өгөхөөр очихдоо саатуулагдсан байна.