“Ирээдүйн эзэд-2018” аяны нээлт боллоо

322

“Чингис СООСЭ” их сургуулийн номын санд Ерөнхий боловсролын 12, 62-р дунд сургуулийн 800 орчим ахлах ангийн сурагчдын оролцоотойгоор Сонгонохайрхан дүүрэгт зохион байгуулах “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Аян нийслэлийн бусад дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж дууссан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн  ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс  хамтран уг аяныг тус дүүргийн нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан энэ сарын 9-23 хүртэл зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Аяны үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн  Засаг дарга Ж.Сандагсүрэн нээж, УИХ-ын гишүүн Н.Учрал ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар, хувь хүний хөгжлийн тухай Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр оролцогчдод тус тус мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 40841 сурагч төгсөж байна.

Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд эдгээр сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй байна гэж хариулсан байгаагаас үзэхэд мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн шаардлагатай байгааг нотолж байгаа юм. Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтат зочлон сонирхоорой. Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.