Н.Номтойбаяр: Нийгмийн даатгалын санд маш том шалгалт оруулна

625

nomtoibayar

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийгмийн даатгалын сангийн 2016 оны 10 дугаар сарын мэдээнээс үзэхэд:

  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 335.1 тэрбум,
  • Ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум,
  • Эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум,
  • Тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум, нийт 885.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна.

Мөн 57 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, арилжааны 10 банкны харилцах дансанд 139.8 тэрбум төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, Төрийн сангийн харилцах дансанд 111.3 тэрбум төгрөгийг хүүгүйгээр тус, тус байршуулсан.

Харин арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр 577 тэрбум төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэйгээр байршуулсан байгаа.

Тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч, одоогоор 372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113 тэрбум төгрөг зарцуулдагийн 60 тэрбумыг шимтгэлийн орлогоор, үлдэх 53 тэрбумыг улсын төсвийн санхүүжилтээр бүрдүүлдэг” гэлээ.

УИХ-ын гишүүн С. Чинзориг

chinzorig-said

“Нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувь нь Төрийн банк, ХААН банкаар үйлчлүүлдэг вэ. Банкинд байршсан нийт мөнгөний дөнгөж 10 хувийг нь энэ хоёр хадгалдаг гэх юм. Тэтгэвэр олгодоггүй шахам бусад банк яагаад энэ мөнгийг хадгалж байна вэ. Арилжааны банкинд мөнгө байршуулах чинь тухайн банкны дүрмийн сангийн төдий хувь гэж хязгаар тогтоодог зүйл байна уу.

100 гаруй тэрбум төгрөг байршуулчихдаг, дүрмийн сангаас нь даваад эргэн төлөгдөх бололцоогүй болчихсон байх вий, үүнийг тодруулъя. Сүүлийн жилүүдийн тайланг харахаар хадгаламжийн хүү нь дараалаад буугаад явчихсан байх юм, энэ ямар учиртай вэ? Цаашдаа та нар тэтгэврийн хүү, зээлийн хүүг бууруулна гэсэн юм ярьж байгаа чинь энэ бүхэнтэйгээ уялдах уу гэдгийг тодруулъя.

Н.Номтойбаяр сайд

“Төрийн банк, ХААН банкаар дамжуулж тэтгэвэр тавигддаг учраас тэтгэвэр авагчдын 90 орчим хувийг нь 50/50 хувьтай хамардаг. Гэтэл энэ банкуудад байршсан мөнгө нь маш бага. Үүнийг тэтгэврийн зээлийн хүүтэй холбоотой асуулттай уялдуулж хариулъя.

ХААН банк, ялангуяа Төрийн банк тэтгэврийн зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Зээлийн хүүг бууруулахын тулд энэ банкуудад мөнгийг түлхүү байршуулъя гэж байгаа. Хадгаламжийн хүү дээр нэмэх нь банк ашиг олох ёстой, эрсдэлийн зардал нэмэгдэнэ, үйл ажиллагааны урсгал зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх. Тэгэхээр энэ нэмэгдэл маржин хэд вэ гэдэг дээр ярилцаж байгаа.

Төрийн банктай хамтраад ажлын хэсэг гаргасан. Тухайн банкны хүүгийн нэмэгдэл, манай хадгаламжийн хүүгийн нэмэгдэл нь нийлэхээр болчихоод байгаа юм. Ингэхээр энэ маш өндөр байна гээд Баярсайхан захиралтай уулзаж Төрийн банкны үйл ажиллагааны зардлыг бууруулахаар ярилцсан. Ямартай ч 4 хувьд багтаая гэсэн. Жишээ нь, одоо Төрийн банкинд 9 хувийн хүүтэйгээр 55 тэрбум төгрөг байршсан байгаа, үүн дээр 4 хувийг нэмбэл хүүг 13 хувиар бууруулах боломж бүрдэж байгаа. Үүний тулд эх үүсвэрийг урьдчилсан байдлаар 100 тэрбум хүртэл нэмэх шаардлагатай.

2012 онд би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга байхдаа эхлээд банк тус бүрээр нь эрсдэлийг үнэлүүлье, болохгүй бол гадаадаас мэргэжилтнүүд авч ирээд үнэлгээ хийлгэе гэсэн бодлого барьж ажилласан. Яагаад гэхээр тэр үед “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банк гээд олон банк эрсдэлтэй учраад байсан.

Тэр үүднээс үүрэгт ажлыг 5 сар хийхдээ ямар ч шийдвэр гаргаж байгаагүй. Харамсалтай нь тэр үед Засгийн газар өөрчлөгдөөд ажлаа өгсөн. Одоо тэр үеийн бодлогоо үргэлжлүүлнэ ээ. Нэмээд хэлэхэд энэ шалгалт бол зөвхөн манай яамны түвшинд хийсэн, эхлэл төдий ажил юм шүү. Төгс шалгалт биш учраас цаашдаа маш том шалгалт оруулах болно гэдгийг сануулж хэлье ээ” гэсэн юм.