АТГ-аас төрийн 17 байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ сарын 6-ны өдөр ил болгосон. Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил болсны дараа олон нийтийн дунд багагүй дуулиан дагуулаад амжсан билээ. Тэгвэл энэ удаагийнхаа дугаартаа аймаг, нийслэлийн прокурорын байгууллагын удирдлагуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг тоймлон хүргэж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн прокуроруудын хувьд төмөр хүлэгт нэг их ач холбогдол өгдөггүй бололтой.
Тэдгээрийн олонх нь иргэдийн адил 10-20 сая төгрөгийн үнэ бүхий 1-2 машинтай гэсэн бол зарим нь огт машингүй гэж мэдүүлжээ. Тиймээс прокурорын байгууллагын удирдлагуудын хөрөнгө орлогыг хадгаламж дансан дахь бэлэн мөнгөний үлдэгдэл болон үл хөдлөх хөрөнгө, зээл, авлага, газар гэсэн төрлөөр нь ангилж, хамгийн их хөрөнгө чинээтэй прокурор хэн бэ гэдгийг танилцуулъя.
1. Хамгийн их хадгаламж, бэлэн мөнгөний үлдэгдэлтэй прокуророор Сүхбаатар аймгийн прокурорын газрын аймгийн прокурор О.Мөнхбаатар 281 сая төгрөгөөр тодорсон бол Сэлэнгэ аймгийн прокурор Ж.Мөнхжаргал 218.4 сая, Өмнөговь аймгийн прокурор Д.Доной 204.5 сая төгрөгөөр удаалжээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаяр 108 сая төгрөгийн бэлэн мөнгө, хадгаламжтай гэсэн бол араас нь Дундговь аймгийн прокурорын газрын аймгийн прокурор С.Гансэлэм 89 сая, Тээврийн прокурорын газрын Тээврийн прокурор Ү.Содномцог 86 сая, Завхан аймгийн прокурорын газрын аймгийн прокурор Н.Ганбаатар 75 сая төгрөгтэйгөөр жагсаалтад удаалсан байна.
2. Орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээ болон бусад гэсэн төрөлд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаяр 925 сая төгрөгийн үнэ бүхий таван орон сууцтай гэжээ.
Түүний араас Дундговь аймгийн прокурорын газрын аймгийн прокурор С.Гансэлэм 416 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч дарга Ш.Сүхбат 216 сая төгрөгийн нэг орон сууц, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын аймгийн прокурор Ж.Мөнхжаргал 129 сая төгрөгийн хоёр орон сууцтай гэжээ. Мөн тээврийн прокурор Ү.Содномцог 412 сая төгрөгийн өртөг бүхий нэг орон сууц, нэг үйлчилгээний барилга байгууламжтай юм байна.
3. Тухайн албан хаагч болон түүний гэр бүлд хамаарал бүхий эд хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлоход мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого хамгийн чухал шалгуурт тооцогддог.
Тэгвэл жилд хамгийн их орлого олдог прокурорын гэр бүлээр 96.7 сая төгрөгийн орлогоороо Архангай аймгийн прокурорын газрын аймгийн прокурор Д.Жамбалсүрэнгийнх тодорч араас нь 83.4 сая төгрөгийн орлогоороо Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаяр болон 80.6 саяын төгрөгөөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Г.Бат-Очирын гэр бүл жагсжээ.
Харин Дундговь аймгийн прокурорын газрын аймгийн прокурор С.Гансэлэмийн гэр бүл 85 сая төгрөгийн орлоготой бол Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаярын гэр бүл 65.5 сая төгрөгийн орлоготой гэсэн байна.
4. Зөвхөн төрийн албан хаагч гэлтгүй Монгол Улсын иргэн бүр ямар нэг хэлбэрийн зээлтэй. Тэгвэл прокурорын байгууллагын удирдлагуудын олонх нь орон сууцны зээлтэй юм байна. Тэдгээрийн дундаас хамгийн өндөр зээлтэй нь Тээврийн прокурор Ү.Содномцог аж. Тэрбээр “Голомт” банкинд 180 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн бол жагсаалтын удаахад Дорноговь аймгийн прокурорын газрын аймгийн прокурор С.Цэрэнсамбуу нь ОССК болон “Хаан”, “Хас” банкинд нийт 84.6 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
5. Хамгийн их авлагатай прокуророор мөн л Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаяр тодроод байна. Тэрбээр аль нэг банк эсвэл иргэнд огт зээлгүй гэсэн бол харин иргэн Энхмандахаас 200 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Авлагын дараагийн эзнээр Улсын прокурорын ерөнхий газрын орлогч дарга Ш.Сүхбат тодорсон бөгөөд тэрбээр Улаанбаатар хотын банкинд 50 сая төгрөгийн зээлтэй гэсэн бол иргэн Даваадоржоос 20 сая төгрөгийн авлагатай хэмээжээ.
6. Өндөр үнэлгээтэй газар эзэмшдэг прокурорын байгууллагын удирдлагуудын эгнээг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ж.Ариунаа тэргүүлжээ. Тэрбээр 70 сая төгрөгийн үнэ бүхий газартай бол түүний араас Орхон аймгийн Прокурорын газрын аймгийн прокурор Г.Эрдэнэбаатар 40 сая төгрөгийн газартай юм байна.
Эх сурвалж: Үндэсний Шуудан сонин