Төмөр замын асуудлаар Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын санал зөржээ

1307

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  БНХАУ-д хийх айлчлалын сургаар Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын санал зөрж эхэлжээ. Энэ нь уг чиглэлийн 267 км төмөр замыг хэн барих, улмаар суурь бүтцийг хэн эзэмших тухай байр суурийн ялгаа юм. Төмөр замын суурь бүтцийг төр эзэмших хуультай. Үндэсний аюулгүй байдлын ийм зөвлөмж ч бий.  Мөн хувийн хэвшлийнхэн санхүүжилт, хөрөнгө оруулалтаа шийдээд концессоор төмөр зам барьж, тодорхой хугацааны дараа төрд хүлээлгэн өгөх хуулийн боломж бас бий.

Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хувилбарыг хатуу дэмждэг. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг төрийн өмчит “МТЗ” компани барьж, ашиглаж эзэмших ёстой гэдэг. Хэрвээ Тавантолгойн төслийг цогцоор нь шийдэх ёстой гэвэл Тавантолгойн ордоос нүүрс олборлоход төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой”, төмөр замын төсөлд нь төрийн өмчийн “МТЗ” компани давуу эрхтэй, хамгийн багадаа 51 хувийн эрхтэй оролцох ёстой гэж үздэг юм. Энэ бол түүний Зам тээврийн сайд байх үеэсээ баримталж ирсэн байр суурь юм. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга байхдаа яг ийм шаардлага тавиад Ч.Сайханбилэгийн Засгийн газрын  гарын үсэг зурахад бэлэн болгосон Тавантолгойн гэрээг унагаж байлаа. Түүнээс хойш гурван жил өнгөрч, нэг км ч төмөр зам тавиагүй, нүүрсээ санасан үнээрээ өгч, хүссэн хэмжээгээрээ гаргаж чадахгүй яваа ч, “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан “Чалько”-гийн өрийг бүрэн төлж барагдуулаад байна.

Харин Засгийн газар хоёр дахь хувилбар буюу Тавантолгойн ордын олборлолт, түүнийг дагасан бусад болон төмөр замын бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагчдад цогцоор даатгах нь зөв гэж үздэг. Ч.Сайханбилэгийн танхимын цаасан дээр анх буулгасан энэ хувилбартай У.Хүрэлсүхийн Засгийн газар ч шийдэл нэг байгаа бололтой. Учир нь Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ саяхан өгсөн ярилцлагадаа:

-“Энэ замыг нүүрс тээвэрлэх компани л барина шүү дээ. Нүүрс экспортолж байгаа компаниуд нэгдэж замаа бариад нүүрсээ зөөх, эсвэл нүүрс худалдаж авах хэн нэгэн хөрөнгө оруулалт хийж зам тавиулаад түүгээрээ нүүрсээ зөөж таарна. Энэ асуудал дээр улс төрөөс айгаад байх шаардлагагүй гэж бодож байна. Хэн нүүрс худалдаж авах, ашиг олох гэж байгаа юм бэ, тэр л төмөр зам тавина” гэж ярилцлага өгчээ.

Сайдын ярилцлагадаа хэлсэн нүүрс экспортлох болон нүүрс худалдаж авах компани нь хэн бэ. Төр засаг, бүр тендерийн хүчин төгөлдөр шийдвэрээр Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчид нь “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа” гурпп, Японы “Сумитомо” корпорацийн түншлэл юм. Тэнд төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” байтугай, Монголын төрийн өмчийн нэг хувийн ч оролцоо байхгүй. Мөн “нүүрс худалдаж авах нь” гэдэгт  “Эрдэнэс-Тавантолгой” юм уу, “МТЗ” багтахгүй нь тодорхой. Тэгэхээр сайдын хэлснээр хөрөнгө оруулж төмөр замаа барих нь дээрх гурван компанийн түншлэл болж таарч байна. Сайд бол өөрийн бодлоо ярьдаггүй. Төрийн сайд бол танхимын зарчмаар ажилладаг Засгийн газрын байр суурийг л илэрхийлдэг хувийн “эрх чөлөө”-гүй нэгэн билээ. Тийм учраас Ж.Бат-Эрдэнэ сайдын дээрх үгийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын байр суурь гэж үзэх бүрэн үндэстэй. Үүнийг батлах өөр нэгэн мэдээлэл гэвэл БНХАУ-аас олгох нэг тэрбум доллараас 400 саяыг нь Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажилд зарцуулах Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгожээ. Зөвхөн төмөр зам гэж салгахгүйгээр Тавантолгойн ордыг /төмөр зам, автозам, баяжуулах үйлдвэр гэх мэт/ иж бүрнээр нь  ашиглах төлөвлөгөө боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа танилцжээ. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар дээр өгүүлсэн  “Энержи ресурс”, “Шинхуа” гурпп, “Сумитомо”-гийн түншлэл бүхий хөрөнгө оруулагчдын зүгээс Засгийн газрын ажлын хэсгийн удирдамжид тодорхой хариу өгөхгүй байгаа юм байна.

Одоо Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалаар нэлээд зүйл тодорхой болох, гацаа түгжээ мултрах боломжтой ч, хамгийн гол нь төмөр замын асуудлаар  манайхан дотроо, ялангуяа Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр байр сууриа нэгтгэж, “нэг ам”-тай болох нь хамгийн чухал юм. Тэгж эс чадвал манай дотоодын улс төр бол хоёр Ерөнхий сайдын дипломат шугамаар тохирсон гэрээ хэлцлийг  ч унагах, хөлдөө чирэх унаган чадвартай билээ.

Засаг нь төмөр замаа барья, нүүрсээ заръя гэхээр мөнгө байхгүйн дээр гацаа, цавчаа ихтэй. Мөнгөтэйгөөрөө хувийн хэвшлийнхэн замаа барих гэхээр төрийн зөвшөөрөл байхгүй. Ийм л “хайчин гал”-ын дунд Тавантолгойн төсөл, төмөр замтайгаа хамт хавар, намартаа улс төрийн том сэдэв болохоос цааш хэтрэхгүйгээр гурван парламент, таван Засгийн газрыг нүүрийг үзэж байна.