Дэлхийн шилдэг их сургуулиудад элсэх арга замууд

617

Сайн байцгаана уу? Хэдхэн жилийн өмнө л мөрөөдөл мэт байсан дэлхийн шилдэг их сургуулиудад өдгөө монгол залуус хэдэн зуугаараа суралцдаг болжээ. Гуравхан сая хүнтэй Монгол Улсаас ийм оюунлаг залуус төрнө гэдэг үнэхээр гайхалтай хэрэг. Үүнээс гадна мөн л хэдэн зуун бүр хэдэн мянган монгол залууст өнөө цагийн шилдэг сургуулиудын тоонд ордог Harvard, Stanford, MIT гээд шилдгүүдийн босгыг даваад гарах мэдлэг чадвар, оюуны нөөц баялаг байдаг ч дийлэнх хэсэгт нь сурах боломж олдохгүй байгаа юм. Тэгвэл тэдэнд юу дутагдаж байна вэ? Миний бодлоор хамгийн гол шалтгаан нь тэд арга замаа мэдэхгүй байгаа юм. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээрээ хамгийн нийтлэг асуултуудын нэг болох Америкийн шилдэг их сургуулиудад хэрхэн элсэх талаар товчхон мэдээлэл өгөх бөгөөд дараа дараагийн нийтлэлээрээ тус бүрийг нь маш дэлгэрэнгүй байдлаар тайлбарлах болно.

1. Хамгийн эхлээд тухайн сургуулийнхаа талаар маш сайн судалгаа хийх хэрэгтэй.

Жишээлбэл, хэрвээ та бидний сайн мэдэх Харвардын их сургуульд элсэхийг хүсч байвал дараах зүйлсийг хамгийн эхэнд зайлшгүй судалж мэдсэн байх хэрэгтэй.

Шалгалтын оноо. Мэдээж шалгалтын оноо бол хамгийн эхний шалгуур, суурь үзүүлэлт болдог. Харвардын их сургуулийн TOEFL-ийн босго оноо нь дунджаар 100 байдаг. Үүнээс гадна SAT, ACT, GPA гэх зэргийн шаардлагатай оноог мэдэх хэрэгтэй.

Сургалтын төлбөр болон тэтгэлэг. Ялангуяа Монгол оюутнуудын хувьд тэтгэлэг хамгийн чухал зүйл юм. Алдарт Харвардын сургалтын төлбөрийн хувьд ойролцоогоор 60 000 ам.доллар боловч хэрвээ таны өрхийн орлого жилийн 65 000 ам.доллараас бага байвал таны бүх төлбөрийг сургуулиас даадаг.

Олгож буй боловсролын үнэлэмж. Мөн таны сурахыг хүсэж буй чиглэлээр хир алдартай вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Харвардын их сургууль нь хэдий улс төр, бизнесийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч боловч технологи, анагаах ухааны чиглэлээр тийм ч сайн боловсрол олгодог сургууль биш билээ. Тиймээс заавал нэр хүнд гэлтгүй чанарыг бас давхар авч үзэх хэрэгтэй.

Элсэх хүсэлт гаргахад шаардлагатай зүйлс. Тодорхойлох захидал, дүн, эссе, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх зүйлс юм. Та аливаа сургуулийн элсэгчид дээ тавьж буй шаардлагыг мэдсэнээр үүндээ бэлдэн улмаар уг сургуульд орох боломж тань дагаад ихсэх юм.

Бусад. Дээрх зүйлсээс гадна хэзээ элсэлт авдаг, оюутны байр, орчин гээд маш олон зүйлсийн нарийн нягт судлах хэрэгтэй. Жижиг зүйлийг ч оролцуулан судлах хэрэгтэй.

2. Босгыг давахад өөрийгөө бэлтгэ.

Нэгэнт та мөрөөдлийн сургуульдаа хэрхэн элсэх, түүнд тавигдаж буй шаардлагуудыг мэдсэн бол үүндээ өөрийгөө бэлтгэж эхлэх хэрэгтэй. Мэдээж дэлхийн шилдгүүдийн цуглардаг сургуульд оюутан болж орно гэдэг тийм амар ч байхгүй.Таниас маш их чармайлт, золиос шаардана. Гэхдээ энэ нь боломжгүй гэсэн үг биш шүү! Гагцхүү та энэ бүгдэд бэлэн байхад л хангалттай. Ахин та бидний сайн мэдэх Харвардын их сургуулиар жишээ авъя. Харвардын их сургуулиудын элсэлтийн комиссод дараах “босго” асуултууд байдаг байна.(Чухал гэж үзсэн хэд хэдэн асуултыг энд оруулав)

  • Та өөрийгөө бүрэн дүүрэн дайчилж чаддаг уу?
  • Танд эдгээрээс илүүг хийх хүч байгаа юу?
  • Таныг юу урамшуулж зоригжуулдаг вэ?
  • Та тодорхой хэдэн жилийн дараа хаана юу хийж байх вэ?
  • Та өөрийн сонирхлоо хөгжүүлэн түүгээрээ тууштай явсан уу?
  • Та Харвардад ямар нөлөө үзүүлж чадах вэ?

Нэг үгээр бол эдгээр босгыг давж чадах эсэхээ мэдээд дутагдалтай талаа хөгжүүлж давуу талаа улам хадгалан бататгаж сураарай. Ерөнхийдөө ихэнх сургуулийн элсэгчдээсээ хайдаг зүйлс нь өөр өөр байдаг ч нийтлэг гэвэл дээрх хэдэн асуулт байдаг. Тийм учраас л та судалгаагаа маш сайн хийх хэрэгтэй юм. Нэгэнт л интернет хүн болгонд хүртээмжтэй болсон учир та мэдэхийг хүссэн бүхнээ мэдэх боломжтой. Эрт судалгаа хийж эхэлснээрээ та шаардлагатай шалгалтууддаа бэлдэж өндөр оноогоо авах, олон төрлийн зүйл хийж өөрийгөө сорих, өөрийгөө хөгжүүлэхэд хангалттай хугацаа өгөх гээд маш олон давуу талтай байдаг. Ийм ч учраас өмнө нь дурдсанчлан судалгаа хийх явц нь босгыг давахад туслах хамгийн том түлхэц болж өгдөг билээ.

3. Өргөдлөө маш нухацтай бэлд

Нэгэнт та судалгаагаа хийгээд үүн дээрээ тулгуурлаад хангалттай оноогоо авчихсан, олон нийтийн ажлуудад оролцсон, өөрийгөө хөгжүүлчихсэн босгыг давхуйц чадвартай болсон гэж үзвэл тухайн сургуульдаа өргөдлөө явуулах цаг болжээ. Энэ бол хамгийн чухал бас хамгийн сүүлийн хийх зүйл юм. Ингэхдээ дараах хэд хэдэн зүйлсийг анхаараарай!

Шударга бай. Элсэлтийн комиссынхны хамгийн сайн хийж чаддаг нэг ажил бол үнэн худлыг ялгах юм. Хамгийн гол нь та өөрөөрөө байж, жинхэнэ өөрийгөө үнэлүүлэх хэрэгтэй буюу чин үнэнийг л өргөдөлдөө дурдах хэрэгтэй хэрэгтэй. Жилдээ л хэдэн мянган өргөдөл хянаж үздэг хүмүүст таны бичсэн ганц хоёрхон худлаа өгүүлбэрийг олоход тийм ч хэцүү биш байх болно.

Тусламж ав. Би хувиасаа бүлгээрээ бэлдэх гэсэн нэгэн үр дүнтэй аргыг санал болгож байна. Хэрвээ танд ийм боломж байхгүй бол танд зайлшгүй зааварлагч хэрэгтэй болно. Болохгүй байгаа дээр тань тусалж, мэдэхгүй байгааг тань ойлгуулж өгөх туршлагатай хүн хэрэгтэй.

Цаг хугацаагаа сайн төлөвлө. Аль болох эртнээс эхлэхийг хичээгээрэй учир нь ямар сургульд тэнцэж чадна түүнээс таны ирээдүй ихээхэн шалтгаалах юм шүү! Энэ бол энгийн нэг өргөдөл биш бүхэл бүтэн таныг амьдралыг шийдэх зүйл учраас аль болох эрт эхэлж үлдсэн цаг хугацаагаа сайтар төлөвлөх хэрэгтэй.

Эдгээр ерөнхий зүйлсээс гадна танд тухайн сургуулийн веб хуудас, collegeboard.com, http://www.topuniversities.com гэх зэрэг вэбүүд маш их хэрэг болдог. Та дараагийн мэдээгээр уншихыг хүссэн зүйлсээ санал болгоорой! Баярлалаа!

Д.ТҮШИГТ-ЭРДЭНЭ