О.Ариунзул арьс арчилгааныхаа нууцаас хуваалцсан байна. Тэрбээр “Өдөр тутмын арьс арчилгааны аргаасаа хуваалцаж байна. Хадгалж аваад хэрэгжүүлээрэй.
Арьсны хэвийн байдлыг хангаж, эрүүл өнгөлөг байлгахад арчилгаа чухал үүрэгтэй. Өдөр тутмын арьс арчилгаа нь арьсийг цэвэрлэх чийгийг тогтворжуулах, тэжээл өгөх, гадны нөлөөнөөс хамгаалах гэсэн 4 үндсэн шатлалаас бүрдэнэ.
1 шат-Цэвэрлэгээ
Сайн цэвэрлэгдээгүй арьс гоо сайхны бусад үйлчилгээг муу хүлээж авдаг. Цэвэрлэгээг өглөө, үдэш болгон тогтмол хийж байх хэрэгтэй. Өглөөний цэвэрлэгээ нь шөнийн турш ялгарсан илүүдэл тослог болоод арьсны эвэрлэг бүрхүүлийн үхэжсэн хэсгүүд, бактеруудийг арилган, нүүр будалт хийхэд бэлтгэдэг. Оройн цэвэрлэгээ бүхэл өдрийн турш арьсан дээр цугларсан бохирдол болон будгийн цэвэрлэн, шөнийн тос түрхэхэд бэлдэнэ. Нүүрний арьсийг байнга цэвэрлэж байх нь арьсны эд эсүүдийн нөхөн төлжилтөнд эерэгээр нөлөөлж, арьс эрүүл, уян зөөлөн байх нөхцөл болдог. Нүүрээ цэвэрлэсний дараа төрлөөс нь үл хамааран тоникоор арчиж байх нь зүйтэй. Тоник арьсны гадаргаас цэвэрлэгээний үлдэгдлийг арилгах, чийгшүүлж сэргээх, үрэвсэл багасгах, арьсны нүх цэвэрлэж агшаах, дараагийн бүтээгдэхүүн түрхэхэд арьсийг бэлтгэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
2 шат-Чийгшүүлэлт
Эрүүл арьс чийгшилт сайтай байдаг. Аль ч төрлийн арьсны чийгийн хэмжээ буурах нь үрчлээтэж, хөгшрөх үндсэн нөхцөл болдог. Цаг агаарын таагүй нөхцөл, нарны гэрэл халуун банн, хоолны хатуу дэглэм, насжилт зэрэг нь арьсны чийг багасах шалтгаан болдог. Мөн савандаж угаах, спирт агуулсан бүтээгдэхүүнээр байнга цэвэрлэх, удаан хугацаанд уурын ба дулаан засал хийлгэх нь арьсийг хуурайшуулдаг. Арьсны чийгшилийг хангахад будалт хийх болон гадагш гарахаас 30 минутын өмнө чийгшүүлэх өдрийн тосыг нүүр, хүзүүндээ түрхэж байх хэрэгтэй. Чийгшүүлэгч тос нь арьсны гадаргуу дээр нимгэн бүрхэвч үүсгэн, үл мэдэгдэх байдлаар биеэс гарч байгаа ууршилтыг сааруулж, чийгшлийг түвшинг барж өгдөг. Мөн арьсны чийгийг тогтооход зөгийн бал, зуун наст, давсны уусмалууд сайн нөлөөтэй.
3 шат-Тэжээл
Арьсны тэжээлийн горим алдагдсанаас арьс хэт цочромтгой болж, улайх, хогжруутах явдал үүсдэг. Арьсны тэжээлллэг чанарыг хадгалахад тэжээлийн тос, бүрхэвч чухал үүрэгтэй байна. Тэжээлийн тос нь арьсыг зөөлрүүлэн, дутагдаж байгаа тэжээлийг нөхөж, элдэв үрэвслийн эсрэг ариутгах үйлчилгээтэй байдаг. Тэжээлийн бүрхэвч нь арьсийг тэжээлээр хангахын зэрэгцээ зөөлрүүлэх, толигор болгох, ядаргаа тайлах ач холбогдолтой. Ялангуяа энэ бүрхэвч нь ахимаг насны эмэгтэйчүүдийн арьсны уян чанарыг дээшлүүлж, үрчлээтэхээс хамгаалан, бодисын солилцоог идэвхижүүлэн, арьсны тамирыг сайжруулдаг.
Тэжээлийн тосыг орой унтахын өмнө нүүрээ цэвэрлэж, тоникоор арчсаны дараа түрхдэг.Шөнийн тос нь тэжээлийн тосны ангилалд багтдаг. Шөнийн тэжээлийн тосыг арьсныхаа төрөлд тохируулан, унтахаас 1-2 цагийн өмнө нүүр, хүзүүндээ түрхээд шингээгүй хэсгийг цаасаар арчиж авна.
4 шат-Хамгаалалт.
Хүний арьс нь халуунаас илүү хүйтэнд мэдрэг бөгөөд, 1 см арьсанд хүйтнийг мэдрэгч 23 хүртэл байхад, халууныг мэдрэгч нь 3 байдаг байна. Хүйтэнд удаан байснаас арьсны судас нарийсан цусан хангамж муудаж, гундаж эхэлдэг. Иймд хүйтний улиралд нүүрээ маш сайн арчилж, арьсанд нэмэгдэл тэжээл өгч, салхи цаснаас хамгаалж байвал зохино. Өвөл гадагш гарахаас 30 минутын өмнө арьсаа чийгтэй байхад нь хамгаалах тос түрхвэл, хүйтэнд цочрохоос хамгаалж өгдөг. Агаар салхинд явахдаа нүүрээ цасаар угааж, наранд хатаахыг хориглоно. Мөн хацар, хамрынхаа орчимд ойр ойрхон иллэг хийж байх хэрэгтэй. Зуны улиралд агаар, салхи, нарны туяаны нөлөөнөөс хамгаалж байх нь зүйтэй. Гоо сайхны хамгаалах бүтээгдэхүүнүүд нь арьсийг гадаад орчны нөлөөнөөс хамгаалан, сэргээн төлжүүлэх зориулалттай байдаг” хэмээжээ.