Нярайн пульс оксиметр нь нярайн цусан дахь хүчилтөрөгчийн ханалтын төвшин, зүрхний цохилтыг тодорхойлж, ингэснээр нярай хүүхэд зүрхний ямар нэг гажигтай эсэхийг эрт оношлож, эмчлэн, эрүүл саруул өсч бойжих нөхцлийг хангахад нэн шаардлагатай байдаг ажээ. Хөх хэлбэрийн хавсарсан хүнд гажгуудын үед нярай хүүхдийн амьдралын эхний цагуудад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг пульс оксиметрээр хэмжихэд хүчилтөрөгчийн ханамж буурсан байдаг хэмээн мэргэжилтнүүд хэлэв.
Манай улсын төрөх эмнэлэгүүдэд энэ төрлийн аппарат байдаггүйн улмаас нярайн зүрхний гажигтай эсэхийг тэр даруйд нь мэдэж чаддаггүй байна. Хөдөлгөөнт оксиметр аппаратыг ухаалаг утастай холбон хүүхдийн хөл болон гарт зүүснээр нярайн зүрхний гажгийг эрт оношлох боломжтой. Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд “Мод Трейд” компанийн захирал Ч.Содномпил агсны хань, үр хүүхдүүд нярай хүүхдийн зүрхний гажгийг төрсөн даруйд нь оношлох “Нярайн пульс оксиметр” аппаратыг хандивласан юм.
Зүрхний төрөлхийн гажиг нь нярай хүүхдэд хамгийн элбэг тохиолдох хөгжлийн гажиг аж. 1000 төрөлт тутамд есөн тохиолдол илэрдэг. Зүрхний төрөлхийн гажгийн 25 хувийг хүүхдийн амьдралын эхний жилд зүрхний мэс заслын ба катетерийн эмчилгээ шаардлагатай хүнд гажгууд эзэлдэг байна.
Зүрхний хөх хэлбэрийн хавсарсан гажиг нь дийлэнхдээ яаралтай эмчилгээ шаардлагатай тул зүрхний гажгийн эрт оношилгоо нь өвчний явцад шууд нөлөөлдөг байна. ДЭМБ-ын шинжээчдийн хийсэн судалгаанаас харвал, долоо хоног хүртэлх нярай хүүхдийн дунд зүрхний төрөлхийн эмгэг нэгт эрэмбэлэгджээ. Монгол Улсын хэмжээнд 2011 онд 70328 эх амаржсанаас 405 нярай хүүхдэд төрөлхийн хөгжлийн гажиг оношлогдсон нь нийт төрөлтийн 0.6 хувийг эзэлжээ. Үүнээс зүрхний төрөлхийн гажиг хамгийн их буюу нийт оношлогдсон тохиолдлын 29.1 хувьтай тэнцсэн байна. Судлаач Ө.Оюунчимэгийн 2005-2007 онд ЭХЭМҮТөвд хийсэн судалгаагаар нийт гаж хөгжилтэй нярай хүүхдийн 28.7 хувь нь зүрхний гажигтай болох нь тогтоогджээ.
Түүнчлэн Т.Болормаа нарын судлаачид 2012-2013 онд нярайн амьдралын эхний 6-48 цагийн дотор зүрхний хэт авиан шинжилгээнд тулгуурлан хийсэн тандалт судалгаагаар зүрхний төрөлхийн гажиг нь нийт амьд төрсөн нярайн 2.42 хувьд нь оношилогдсон байна. Эдгээрийн 10 хувийг зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг эзэлжээ.
Зүрхний төрөлхийн гажгийг нярайн эрт үед оношлох нь эмчилгээний зөв тактик баримтлах, эмчилгээний асуудлыг зөв шийдвэрлэх, учирч болох бусад эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм байна.