‘Жаст’-ын Ш.Батхүүг цагдан хорилоо

466

‘Эрдэнэт Үйлдвэр’, Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн өмчийн хэд хэдэн компанийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт Банкнаас их хэмжээний зээл авсан Ш.Батхүүг өчигдөр баривчилсан байна. 

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан талаар АТГ мэдээлсэн билээ.  Харин өчигдөр цагдан хорих шаардлагатай гэж үзсэн талаар холбогдох эх сурвалж мэдээллээ.

Түүнийг хорих болсон шалтгаан нь шинэ нөхцөл байдал илэрч байгаа, хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул цагдан хорих шаардлагатай болсон гэж эх сурвалжууд тайлбарласан юм.

Өнгөрсөн Баасан гарагт хорих тухай шүүх хурал болсон ч  Ш.Батхүү өөрөө шүүгчээс татгалзаад хойшлуулсан гэнэ. Улмаар өчигдөр шүүх хурал нь болж цагдан хорих шүүгчийн захирамж гарсны дагуу орой 20 цагийн орчимд баривчилжээ.

‘Жаст групп’ ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан нийт зээлийн хэмжээний талаар Засгийн газраас гаргасан мэдээлэлд:

2009-2010 онд ‘Жаст групп’ ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк /цаашид ‘Стандарт банк’ гэх/-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал:

  • 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ‘Жаст групп’ ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын ‘Зээлийн гэрээ’ байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ‘Нэмэлт гэрээ’ байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;
  • 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ‘Жаст групп’ ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын ‘Зээлийн гэрээ’ байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ‘Нэмэлт гэрээ’ байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.

Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд ‘Жаст групп’ ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.