150 ажлын байранд шууд сонгон шалгаруулалт 3 өдөр үргэлжилнэ

789

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Хурд интернэшнл” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд НОВОТЕЛ УЛААНБААТАР зочид буудлын хүний нөөц бүрдүүлэх ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 09:00-17:00 цагт зохион байгуулж байна.

Дэлхийн нийтэд 3700 гаруй салбарт Софител, Ибис зэрэг олон улсад нэр хүндтэй зочид буудлыг эгнээндээ нэгтгэсэн Францын “Аккор” групп энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотноо “Новотел Улаанбаатар” зочид буудлыг нээхээр бэлтгэл ажлаа хангаж буй юм. Таван одтой, 16 давхар 192 өрөө бүхий энэхүү зочид буудалд ахлах болон туслах тогооч, харуул хамгаалалт, санхүү, маркетинг, нярав зэрэг 40 мэргэжлийн 150 ажилтан шаардлагатай аж.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрийн нэг хэсэг болох “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулж, иргэдэд нэг дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үйлчилж эхлээд байна. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулсанаар аж ахуй нэгжээс нээлттэй ажлын байрны захиалгууд ирж, тухайн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн болон ахлах албан тушаалтнууд манай төв дээр анкет бөглөсөн иргэдтэй шууд ярилцлаганд орох боломжтой болсон. Хамгийн анх Батбайгаль ХХК-ий захиалгыг авч хүний нөөцийг бүрдүүлэхэд нь хамтран ажилласан бол өнөөдөр Новотел Улаанбаатар зочид буудлын  хүний нөөцийг нь бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна. Өнөөдрийн арга хэмжээнд иргэд их идэвхитэй оролцож, анкетаа бүрдүүлж, ярилцлаганд шууд орж байна.  Хамгийн гол нь ажил хайгч иргэд маань тухайн байгууллагын шалгуурыг хангах нь чухал. Ажлын ярилцлаганд тэнцээгүй ажил хайгч иргэдийг бид бүртгэлжүүлж, сургалтанд хамруулж, дахин ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлэхээс гадна сэтгэл зүйн зөвөлгөө энэ төвдөө өгч ажиллаж байна. Одоогоор манай төвд 100 гаруй ажлын байрны захиалга ирсэн.” Хэмээлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Н.Ганзориг “Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв маань байгуулагдаад багахан хугацааг өнгөрүүлсэн ч тодорхой хэмжээний ажлын байрны захиалгыг авч иргэдэд үйлчилж байна. Өнөөдрөөс Новотел Улаанбаатар компаниас 40 гаруй мэргэжлээс 150 нээлттэй ажлын байрны захиалга ирж, иргэдийг бүртгэж, ярилцлаганд шууд оруулж байна. Тус компани  ирэх тав дугаар сараас эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдөр ийнхүү хүний нөөцөө бүрдүүлэх тал дээр хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн онд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 11908 иргэнийг ажилд зуучилсан бол энэ онд 15000 иргэнийг ажилд зууцлах зорилт тавин ажиллаж байна” хэмээлээ.

Тус өдөрлөг энэ сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.