УДЭТ-ын залуу уран бүтээлчдийн бэлэг ”Би эндээс явахгүй”

805

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид  төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний зохиол болох тэртээх 62 жилийн өмнө тайзнаа тоглогдож байсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг үзэгчдэдээ шинэчлэгдсэн хувилбартайгаар хүргэхээр ажилласан байгаа юм. Энэхүү жүжиг энэ сарын 27-ноос буюу өнөөдрөөс эхлэн театрын тайзнаа амилан үзэгчдийн хүртээл болох юм.
УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр театрынхаа тайзнаа Найруулагч Н.Наранбаатарын найруулгаар, зохиолч Д.Мэндсайхны шинэчилсэн хувилбартайгаар тайзнаа амилж буй “Би эндээс явахгүй” шинэхэн уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хийлээ. “Би эндээс явахгүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, урвалт, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй, зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно.
Энэ талаар Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд “Манай театр жил бүр уламжлал болгон нас тэгширсэн ахмадуудынхаа ойг тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор энэ онд нэлээд уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаагийн нэг бол “Би эндээс явахгүй” жүжиг билээ. Харин энэ жүжгээ хоёрдугаар сарын 27-нд буюу Э.Оюун гуайн төрсөн өдрөөр нээхээр төлөвлөсөн.Уг жүжиг нас тэгширсэн ахмадууддаа зориулан өнөөдөр театрт ажиллаж буй залуу үеийн уран бүтээлчдээс барьж буй бэлэг гэж хэлж болно” гэв.
Харин уг жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар шинэхэн уран бүтээлийнхээ талаар “Зохиолч, Ардын жүжигчин Э.Оюун агсан театрын ёс зүйг ягштал баригч байсан. Аливаа урлаг сахилга, дэг журам дээр суурилж байж сайн уран бүтээл төрдөг. Тийм учраас хүн чанартай, хүнлэг уран бүтээлчдийг бэлдсэн нэгэн юм. “Би эндээс явахгүй ” зохиолыг Э.Оюун 1958 оны нийгмийн амьдралыг харуулж бичсэн байдаг. Харин тэр хүний зохиолын гол санаа өнөөгийн нийгэмд амьдарч байна гэж үздэг. “Би эндээс явахгүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, амьдралд юу ч тохиолдсон гэр бүлээ элэг бүтэн аваад явах л хэрэгтэй. Амьдрал тэр чигтээ сонголт. Сонголтоо хийхдээ яаралгүй, эргэцүүлж тунгааж, шүүж л хийх хэрэгтэй.Эндээс харахад зүрх нь сэтгэлээ чагнах уу, эсвэл тархиа сонсох уу гэсэн асуулт ургаж ирнэ. Түүнчлэн бидний амьдралд тохиолддог нууцлаг үнэнийг уран сайхны аргаар харуулахыг зорьж ажиллалаа” гэсэн юм.