Б.Эрдэнэбат: Гэр хорооллын 200 мянган өрхийг 20 жилийн дотор орон сууцжуулж чадна

616

Улаанбаатар хотод агаарын бохирдлоос эхлээд хүний амьдрах эрх зөрчигдөж байна. Өвөлдөө утаагаар, зундаа хөрсний бохирдолд живж буй Улаанбаатарын дүр зураг эмгэнэлтэй. Энэ бүхнээс ангижрах оновчтой арга нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Гэр хорооллын 200  мянган айлыг  20 жилийн дотор орон сууцжуулж чадна гэж  “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат ярьж байна. Хэрэв газрыг нь чөлөөлж, дэд бүтцийг улс, нийслэлийн төсвөөс шийдвэрлэж өгвөл хотыг орон сууцжуулах ажлыг эрчимтэй хийж чадах гэнэ.

Тэрбээр, “Бид ОХУ-ын технологийг өөрчлөөд ХБНГУ-ын дэлхийн стандартад нийцсэн шинэ технологиор үйлдвэрээ иж бүрэн шинэчлэж, дуусаад, ашиглалтад оруулаад байна.  Социализмын үеийн Улаанбаатар хотыг барьж байсан үйлдвэр бол энэ үйлдвэр юм. Анх ОХУ-ын технологиор баригдаж, 1963 онд ашиглалтад орсон.  Нийслэлийн барилга байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулсан юм. Хамгийн сүүлд  СТӨ-г барьсан бөгөөд 1994 онд дуудлага худалдаагаар энэхүү үйлдвэрийг “Эрэл” ХХК худалдаж авсан. Бид үйлдвэрээ Герман улсын хамгийн сүүлийн үеийн технологиор шинэчлэн, шинэ зууны хот тосгоныг барих боломжийг нээлээ. Манай үйлдвэр нийт 20 га газрыг хамарсан, олон улсын болон улсын чанартай замтай шууд холбогддог. Барилгын чанар стандартыг маш сайн мөрдсөн. Карказыг жилийн дөрвөн улиралд  үйлдвэрлэдэг учраас барилга барих нь улирлаас хамаарахгүй болно гэсэн үг. Мөн үйлдвэрийн аргаар үйлдвэрлэгдсэн материал нь эрчим хүчний хэмнэлт бий болгоно. Дотор, гадна заслыг гараар хийх шаардлагагүй учир ажлыг хэд дахин хөнгөвчилсөн. 100 хүүхдийн цэцэрлэгийг 14 хоногт, 12 айлын амины орон сууцыг нэг хоногт иж бүрнээр барина. Галд тэсвэртэй, дулаалга маш сайн, насжилт удаан материалаар барьсан байрны нэг метр квадратыг иргэддээ 1 сая 200 мянган төгрөгөөр худалдаалах боломжтой. Үүнээс илүү хямдруулах боломжгүй. Хэрэв хямдрууллаа гэхэд чанаргүй, дулаан алдалт ихтэй л барилга бий болж таарна. Одоо ашиглагдаж байгаа зарим орон сууц өвөл тааз, ханаар нь цан цохих гэх мэт хүндрэлүүд учирч байгаа. Бид барьсан барилга бүртээ чанарын сертифкат өгнө” гэлээ. Мөн тус компанийн  барьсан сургуульд 50 жилийн дараа ямар нэгэн эвдрэл учрах эсвэл 8 баллын газар хөдлөлтөд сүйдвэл хариуцлага хүлээнэ гэсэн юм. Хүнд зориулан барилга барина гэдэг хамгийн хариуцлагатай бөгөөд амь настай дүйцсэн ажил аж. 1990 оноос хойш баригдсан барилгуудад амьдарч байгаа хүмүүс айдастай байна. Байдал энэ хэвээрээ үргэлжилсээр байвал таван жилийн дараа Улаанбаатар хотод хүн амьдрах аргагүй болно гэсэн нь үнэний ортой. Бидний ирээдүй бол бидний үр хүүхэд. Өнөөдөр агаарын бохирдлоос шалтгаалж ургийн гажигтай хүүхдүүд төрдөг болсон. Бид агаарын бохирдлын талаар их ярьж байгаа. Гэхдээ хамгийн их гамшиг дагуулах зүйл бол хөрсний бохирдол юм.  Ялангуяа Гандангийн дэнж ойр орчимд 100-гаад жилийн өмнө гэр хороолол бий болсон. Тухайн газрыг 3-4 метр ухахад л жорлон гарч ирдэг байна. Энэ бүхнээс ангижрах сонгодог арга орон  сууцжуулах гэдгийг дээр өгүүлсэн. Тус компанийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 5000 айлын орон сууц барих ба 300 мянган метр квадрат ашигтай талбай үйлдвэрлэнэ. Хэрэв хүчин чадлаа нэмж ажиллавал жилд 10 мянган айлын орон сууц барих боломжтой. Энэ нь 200 мянган айлыг 20 жилийн дотор бүрэн орон сууцжуулна гэсэн үг юм.

Үйлдвэрийн ерөнхий бүтцийн тухайд  дотроо таван шугамтай юм байна.  Нэгдүгээр шугам дээр дотор хана, баганан хана, шатаа үйлдвэрлэнэ. Хоногтоо 150 ширхэг дотор хана үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Хоёрдугаар шугаман дээр барилгын бүх хийц, эдлэлийн арматурыг үйлдвэрлэнэ. Зургийг нь автоматаар уншаад, хэвлэдэг. Гурав, дөрөвдүгээр шугам дээр эрчим хүчний хэмнэлт бүхий дулаалгатай гадна ханаа үйлдвэрлэнэ. Харин тавдугаар шугаман дээр 120 метрийн урттай хучилтын хавтанг үйлдвэрлээд, хүссэн хэмжээгээрээ хөрөөдөөд явах нь сонирхолтой. Бүтээгдэхүүний гол түүхий эд бол уулын дайрга, элс. Агуулахын хувьд 160 метрийн урттай, 5 метрийн гүнтэй. Нэг удаа дүүргэхэд үйлдвэрийг гурван сарын турш 24 цагаар тасралтгүй хангах нөөцтэй болно.

Тус комбинат нь төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай, гал, газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, өндөр даацтай, гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана, тааз, барилгын фасадыг ханын хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ бусдаас давуу, онцлогтой. Эдгээр барилгын хийц, эдлэлийг ашигласнаар барилга барих хугацааг жилээр бус сараар, өдрөөр хэмжих боломж бүрдэж байгаа юм. Мөн эко үйлдвэр. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ямар ч хог хаягдал гарахгүй бөгөөд дахин боловсруулалтын аргаар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аж. Тус үйлдвэр үйл ажиллагаагаа явуулснаар Монголд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4189 компанийн 100 мянга гаруй ажилчид жилийн дөрвөн улирлын турш байнгын ажлын байртай байх боломжтой болох юм.