УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд баруун бүсийн алслагдсан анги, салбаруудад шинэ оны өмнөхөн ажилласан билээ. Тэгвэл өнөөдөр хурандаа О.Жамбажамц захирагчтай Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллалаа. Түүнийг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар, хэлтсийн дарга нар ажилласан юм.
Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа О.Жамбажамц ангийнхаа үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тус ангийн хувьд салбарын хэмжээнд зэвсэг, техникийн засвар үйлчилгээг гардан гүйцэтгэхээс гадна гарын доорх материал, нөөц боломжоо ашиглан бэлэг дурсгалын зүйлс, лацны дардасаас эхлээд төрөл бүрийн хутга мэс, хээрийн халуун тогоо, засварчдын зөөврийн сууц зэрэг чамлахааргүй эд зүйлсийг урладаг, салбартаа үйлдвэрлэгч анги гэж болохоор.
Тийм ч учраас салбарын сайд Н.Энхболд эл ангид ажиллах үеэр хэлсэн үгэндээ “Ер нь Зэвсэгт хүчний анги, байгууллагын хүчин чадлыг иргэний зориулалтаар ашиглах нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд гол хөшүүрэг болох учиртай. Тухайлбал, 011 дүгээр ангийг түшиглээд автомашины оношлогоо хийх, галт зэвсэг хэрэглэгчдэд сургалт явуулах, хүнд даацын машины жолооч, оператор бэлтгэх боломж бий.
Хамгийн гол нь эдгээр боломжуудыг бодит ажил болгох хэрэгтэй” гэж онцлож байлаа. Ийнхүү Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Батлан хамгаалахын Аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-ын харьяа “Соёмбот” эрдэсжүүлсэн цэвэр усны үйлдвэрийн нээлтэд оролцов.
Энэхүү үйлдвэр нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний цэвэр усны хэрэгцээг хангах зориулалттай төдийгүй зах зээлд ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой юм. Хүчин чадлын хувьд нэг цагт 0.5 буюу 1.5 литрийн савлагаатай 2300 ширхэг ус үйлдвэрлэх боломжтой юм байна.
“Цэвэр усны гачигдал өндөртэй орны тоонд багтдаг манай улсын хувьд усыг хэмнэлттэй, эрүүл мэндэд тохиромжтойгоор ашиглах талаар үйл ажиллагаа заавал явуулж байх ёстой. Энэ чиглэлээр манай яам хувь нэмэр оруулж нэг ч гэсэн үйлдвэр байгуулж, зөвхөн Зэвсэгт хүчний төдийгүй олон нийтийн хэрэгцээнд нийлүүлж болохоор эрдэсжүүлсэн цэвэр ус үйлдвэрлэж байгаа нь нэлээд том ажил боллоо” гэдгийг сайд Н.Энхболд энэ үеэр тодотгосон юм. Мөн тэрээр Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цаашид энэ мэт үр дүнтэй олон ажлыг шат дараатайгаар хийнэ гэлээ.
Эх сурвалж: www.info.mn