Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь НИТХ-ын тогтоолоор батлагдсан журмын дагуу БЗД-ийн 13, 14-р хорооны А, Г, Д, Ё хэсэгчилсэн талбайн нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, төслийн ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.
Тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа 730 гаруй айл өрхийн 80 гаруй хувьтай нь 2 талт гэрээ байгуулж, тус хорооны 142 айлыг нүүлгэн шилжүүлж, нийт 7,5 га газрыг чөлөөлсөн бөгөөд нүүсэн айлуудын түрээсийн төлбөрт сарын 700,000 төгрөгийг тогтмол олгосоор иржээ.
Эдгээр 142 айлд гэрээнд тохиролцсоны дагуу нийт 9800 м.кв талбай бүхий 182 айлын байр, 30 гаруй дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний талбай зэргийг өгөхөөс өнөөдрийн байдлаар 120 гаруй айлд 148 байр, 24 дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний талбай зэргийг хүлээлгэн өгөөд байна. Үлдсэн айлуудад БЗД-ийн 13-р хороололд байрлах Амартүвшин хотхоноос орон сууцыг нь сонгуулж, тухайн иргэд энэ сард багтаан байрандаа нүүж орох юм байна.
Энэхүү Амартүвшин хотхон нь байршилын хувьд иргэдийн чөлөөлсөн газраас холгүй дүүрэгтээ байрлаж байгаа бөгөөд ажил болон сургууль, цэцэрлэгэтэй илүү ойрхон, тохилог орон сууцтай болсондоо тус иргэд сэтгэл хангалуун байна.
Манай улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч иргэд болон нийслэл хотын удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч компани гэсэн гурван талын харилцан ойлголцлол, итгэлцлийн үндсэн дээр төсөл хэрэгжүүлэгч компани иргэдийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсээр байна.