Ирэх онд ойролцоогоор 4000 орчим айлыг орон сууцжуулах боломжтой хэмээн Барилга, Хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Урьдчилсан тооцооллоор 2018 онд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 200 гаруй тэрбум төгрөг орж ирнэ. Энэ мөнгөөр эргэн ипотекийн зээлийг санхүүжүүлэх юм байна. Мөн ирэх оны төсөвт ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг суулгасан байна.
Энэ хөрөнгөөр зорилтот бүлэг болох төрийн албан хаагч, ялангуяа багш, эмч нарыг тусгайлан ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах зорилт тавин, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар салбарын сайд мэдээллээ. Үүнээс гадна гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж, Монголбанканд үндэсний хөрөнгөөр баталгаажсан орон сууцны бондыг хоёр дахь зах зээлд гаргаж, хөрөнгө босгох хөтөлбөрийг боловсруулж, удахгүй Засгийн газарт өргөн барихаар болжээ.
Одоогийн байдлаар зах зээлд 80 мянга орчим барилга, орон сууц шинээр баригдаж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтад ороод байгаа аж.