Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг бол Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны нандин хэлхээ холбоог залгамжлан авч яваа цорын ганц хамтарсан төрийн өмчит байгууллага юм. Жил бүр тэмдэглэдэг хоёр орны найрамдлын сарын ажилд тус нийгэмлэгийн хамт олон өндөр ач холбогдол өгч ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэр тусмаа энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой, 1917 оны октябрийн хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог болж байна. Эдгээр тэмдэглэлт өдөр, түүхэн үйл явдлын ойг тохиолдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн хамт олон хоёр орны найрамдлын түүх дурсгалыг сэргээн засварлахад ихээхэн ач холбогдол өгч Чойр дахь зөвлөлтийн армийн дайчдын дурсгалд зориулсан цэргийн хөшөөг сэргээн засварлах ажлыг өөрсдийн хүч хөрөнгөөр хийжээ. Энэхүү хөшөөг Чойрт байрлаж байсан зөвлөлтийн цэргийн мотобуудлагын дивизийн цэргүүд аугаа эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулан 1975 онд барьж босгожээ. Бамбай барьсан 13 метр өндөр орос цэргийн хөшөө нь өндрөөрөө Зайсан толгой дээрх зөвлөлтийн дайчдын хөшөөний дараа орох нүсэр том түүхийн дурсгал юм.
1945 онд зөвлөлтийн чөлөөлөх арми дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомт болж байсан Японы милитаризмыг бут цохиж, дэлхий дахинд энх тайвныг тогтоох шударга ариун дайныг японы эсрэг эхлүүлэхэд армийн генерал И.А.Плиевийн командалсан зөвлөлт-монголын цэргийн ар талын ангиуд Чойр орчимд түр байрлаж байсан гэдэг. Дараа нь “хүйтэн дайны” жилүүдэд зөвлөлтийн Өвөр Байгалын цэргийн тойргийн мотобуудлагын дивизийн анги, салбар Чойрт байрлаж, Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалж байсан юм. 1980 оны эцсээр зөвлөлтийн цэрэг буцахад энэхүү орос цэргийн хөшөө монголын ард түмнийг хамгаалах мөнхийн манаандаа зогсож үлдсэн юм. Ийм их аугаа түүхийг өөртөө агуулсан уг хөшөөн дээр хааяа нэг энд цэргийн алба хаасан орос хүмүүс ирж залуу насаа дурсан чимээгүйхэн уйлж байгаад буцдаг гэсэн.
Он цагийн уртад эмтэрч муудсан орос цэргийн хөшөөг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг Монгол-Оросын найрамдлын сарын өдрүүдээр сэргээн засварлаж хуучин төрхөнд нь оруулж орон нутагт нь хүлээлгэн өглөө. Монгол-Оросын найрамдлын сарын ажлын хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү ёслолын арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн нутгийн удирдлага, иргэд хөдөлмөрчид, ЗТХЯ, ОХУ-ын ЭСЯ, БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөл, УБТЗ-ын удирдлага, орос мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцлоо. Цаашдаа уг хөшөөг Монгол-Оросын найрамдлын түүхийг харуулсан түүхийн цогцолбор болгох талаар Говьсүмбэр аймгийн орон нутгийн захиргаа төлөвлөж байгаа ажээ.