Словакийн Шадар сайд айлчилна

696

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Словак Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Душан Беллаг хүлээн авч уулзав.

Монгол Улс Европын холбоо болон гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Европын холбоотой байгуулсан Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа нь Словак Улстай харилцах харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байгааг Шадар сайд тэмдэглэв.

Хоёр орны улс төрийн харилцаа хэвийн ч эдийн засгийн салбарт анхаарал хандуулж, өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. 12 дугаар сарын эхээр Словак Улсын Шадар сайд П.Пелегрини тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлал үүнд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв.

Айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, бизнес форум зохиохоор төлөвлөсөн байна. Айлчлалын бэлтгэлийг хангаж, үр дүнд хүргэхийн тулд Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.