Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда” гардуулах ёслол болно

413

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2017” ёслолын арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар зочид буудалд болно. Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд  их хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгө нэмсэн компаниудыг 5 номинациар тодруулах юм.

Нийслэлийн шилдэг барилга байгууламж, авто зам, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн төрөлд 60 гаруй компани, аж ахуй нэгж нэр дэвшихээр  сонгон шалгаруулалтад материалаа ирүүлжээ. Тухайлбал,  шилдэг барилга байгууламж номинацид  гэхэд “Гангар инвест”, “Хурд групп”, “Номин констракшин” зэрэг барилгын топ компаниуд өрсөлдөж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2017”-ын эзнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч  П. Баярхүү ахалж байна.  “Гаруда  2017” нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ёслолыг UBS, C1 телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.