Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Ар-Нуга багийн “Байвын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км-т, Ө-105°06’00”, У-50°36’00”/ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01:46 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан мэдээллийг тодруулахад мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын төвийн бүх барилгад үзлэг хийсэн байна. Түшиг сумын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг сумын онцгой объект болох уурын зуух, шатахуун түгээх станц, ХААН банк, Төрийн банк, Ерөнхий боловсролын бага, дунд сургууль, дотуур байр, эмнэлэг, цэцэрлэг, Соёлын төв, ЗДТГ, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалтай танилцаж ажилласан байна. Хагарч гэмтсэн хаалга, цонх, цуурсан хана, тасалгаа байхгүй гэж ажлын хэсэг мэдээлжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, ямар нэгэн хохирол учраагүй гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.