Орчны бохирдлыг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн тогтолцоог нэвтрүүлж, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон хөгжлийн сан”-г хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр байгуулахыг Хөгжлийн банкны удирдлагад үүрэг болгов.
Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байгаа 92.2 тэрбум орчим төгрөг /”Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц”, “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд олгосон урт хугацаатай зээл/-ийн хөрөнгийг бүхэлд нь энэ санд хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлж, зээлийн төлбөрийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар үргэлжлүүлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
“Ногоон хөгжлийн сан” дахь төрийн болон хувийн хэвшлийн оролцоог тэнцвэртэй байлгах бөгөөд гадаад, дотоодын сонирхогч банк, санхүү болон олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татаж, мэргэжлийн, хараат бус, дотоодын хяналттай байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.