Парис 2024 оны, Лос-Анжелес 2028 оны зуны олимпийг зохион байгуулахаар болов

459

2024 он зуны олимпийн наадмыг Парис хотод, 2028 оны зуны олимпийн наадмыг Лос-Анжелес хотноо зохион байгуулах шийдвэрийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ Перугийн нийслэл Лима хотноо өчигдөр болсон 131 дэх удаагийн чуулганыхаа үеэр албан ёсоор гаргасныг Америкийн “Си-Эн-Эн” телевиз уламжиллаа.

Тус хоёр хот нь анх хоёулаа 2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй байсан юм. Харин ОУОХ хоёр олимпийн наадмын санхүүжилтийг баталсны дараа Лос-Анжелес хот дахин дөрвөн жил хүлээн 2028 оны олимпийг зохион байгуулахаар тохиролцсон юм.

2008 болон 2012 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн боловч Бээжин болон Лондонд ялагдаж байсан Францын нийслэл Парис хот нь яг 100 жилийн дараа дахин олимпийн наадам зохион байгуулахаар болж байна.

Харин Америкийн Лос-Анжелес хотын тухайд 1932 болон 1984 онд зуны олимпийг зохион байгуулж байсан юм.

2024 оны зуны олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан Гамбург, Ром болон Будапешт хот нэрээ татсанаар Парис болон Лос-Анжелес тунаж үлдэж байсан билээ.