Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа

665

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд саналаа хэлж дуусан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы эндэр дээрээс үг хэлэв. Тэрбээр “Манай Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажиллалаа. Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдаа оноог хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголын ард түмэн,  УИХ-ын өмнө Ерөнхий сайд миний бие бүрэн хариуцна. Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа Монгол Улсын Шадар сайдын ажилд ч алдаа дутагдал байвал хариуцлагыг Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй бөгөөд миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй ээ. Гэхдээ хамгийн гол нь хэн байхаас нь үл хамаараад Монгол Улсын Ерөнхий сайдыг, Монгол Улсын Засгийн газрыг огцруулахад хуулийн бодитой, баттай үндэслэл байх ёстой” гэв.

Чуулганы хуралдаанд 76 гишүүнээс 73 нь буюу 96.1 хувийн ирцтэйгээр оролцлоо.

Улмаар санал хураалтаар  57.5 хувийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав.