Испанийн Барселон хотын Рамбл аялал жуулчлалын цогцолбор газрын олон хүн цугласан явган хүний зам руу автомашинтай этгээд дайрсны улмаас 13 хүн амиа алдан, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Тус улсын эрх баригчид болсон үйл явдлыг террорист халдлага гэж үзэж байгаа бөгөөд Исламын улс жихадист бүлэглэл энэхүү халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдлээ.
Эрх баригчдын зүгээс хохирогчдын тоог эцэслэн гаргаагүй байгаа аж.
Энэхүү хэрэгтэй холбогдуулан хоёр этгээдийг баривчилсан бөгөөд нэг нь Мароккогийн иргэн, нөгөө нь Умард Африк дахь Испанийн эзэмшлийн Мелилья хотын оршин суугч аж.
Гэвч тэдний хэн нь ч машиныг жолоодоогүй байжээ. Машины жолооч зугтаж амжсан бөгөөд цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилж байна.
Энэхүү террорист халдлага 2004 оны гуравдугаар сард исламын бүлэглэл Мадридын галт тэргэнд бөмбөг дэлбэлсэн хэргээс хойших хамгийн аймшигтай хэрэг болжээ. Тухайн үед 191 хүн амиа алдаж, 1800 гаруй хүн шархадсан юм.
Эх сурвалж: BBC