М.Энхболд: Монгол Улс Булангийн орнуудын хооронд үүссэн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна

626

Ноён Элчин сайд Султан Аль-Мансури хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Катарын хууль тогтоох байгууллага Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Мохамед Бин Мубарак Аль-Хулейфигийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулан өгөв. Түүнчлэн Катар Улсад айлчлахыг урилаа.

Тэрбээр “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоод 19 жил болжээ. Энэ хугацаанд харилцаа сайн хөгжиж байна. Хамтын ажиллагаагаа улам өргөн хүрээнд, илүү идэвхтэй хөгжүүлэх ёстой гэж бид үздэг. Өчигдөр би Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд нартай уулзаж, санал солилцлоо. Монгол дахь Катарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө би ажиллах болно. Хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан 5 хэлэлцээр бий. Эдгээр хэлэлцээрт туссан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх, харилцааг өргөтгөж, агаарын тээвэр, спорт, эрүүл мэнд зэрэг салбарт хөгжүүлэхийг чармайх болно” гээд Катар Улс Монгол Улсад байнгын ажиллагаатай Элчин сайдын яамаа нээхэд дэмжлэг үзүүлнэ үү гэлээ.

Ноён Султан Аль-Мансури парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь харилцан туршлага, мэдээлэл солилцох, хоёр орны ардчиллын ололт амжилттай танилцах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрбээр Булангийн орнуудад үүсээд байгаа хямралт байдлын талаар товч мэдээлэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс Булангийн бүх орнуудтай найрсаг харилцаатай. Үүсээд буй нөхцөл нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлж, бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүй болгох үр дагавартай. Тиймээс Монгол Улс сөргөлдөгч талуудыг асуудлаа аль болох ойлголцол, зөвшилцлөөр шийдээсэй гэж хүсэж байна. Монгол Улс асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд зуучилж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.

Түүнчлэн Катар Улс Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээхийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Катарын хууль тогтоох байгууллага Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Мохамед Бин Мубарак Аль-Хулейфи мэндчилгээ ирүүлж, эх орондоо айлчлахыг урьсанд гүнээ талархаж, урилгыг хүлээн авлаа. Та миний мэндчилгээг ноён Мохамед Бин Мубарак Аль-Хулейфид дамжуулж өгнө үү” гэж хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.