Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан өнөөдөр Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон Батлан хамгаалах Их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй хүн оролцсон юм.
Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн бөгөөд ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм. Гол дагуух хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ. Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгай газар хаяхгүй байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.