Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудаас ирүүлж буй хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байна.
2017.07.20-ний өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 595 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нийт 580.461.636 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.
Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага иргэдаээ цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөн юм.
Эдгээр тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдын нутагт түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд цаг алдалгүй хүргүүлж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.