Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нутаг буцна

464

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жэйгэрийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд Эд Жэйгэрийг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Канадын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн цаашид уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бололцоо байгааг дурдаж, Элчин сайдыг нутаг буцсан ч Монгол, Канадын харилцааг хөгжүүлэх үйлст үргэлжлүүлэн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлэн, Элчин сайдын цаашдын ажил үйлст өндөр амжилтыг хүсэв.

Элчин сайд Эд Жэйгэр Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжиж байгаад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлэн, Монголд ажиллах хугацаандаа Монгол хүмүүстэй танилцаж, хамтран ажиллахад сэтгэл маш өндөр байснаа тэмдэглэлээ.

Мөн Элчин сайд манай хоёр улс олон улсын байгуулагуудын хүрээнд хамтран ажиллах, бие биенээ үргэлжлүүлэн дэмжин ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ