Саудын Арабын хаан ширээг 31 настай ханхүү залгамжлахаар боллоо

563

Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-нд Саудын Арабын хааны гэнэтийн шийдвэрээр угсаа залгамжлах хүнийг зарлалаа. Энэ шийдвэр нь зөвхөн Саудын Араб төдийгүй, Ойрх Дорнодын бүс нутгийг цочроосон үйл явдал болсон юм.

Үргэлж өндөр настай, хуучинсаг язгууртнуудаар удирдуулдаг байсан нефтийн эзэнт гүрнийг 31 настай Мохаммад Бин Салман удирдахаар болж байна.

Үүнээс өмнө угсаа залгамжлах хүнийг 57 настай ханхүү Мохаммад Бин Наеф гэж байсан юм. Харин өчигдрийн шийдвэрээр түүнийг өөр хүнээр сольсон байна.

Ханхүү Салман нь Саудын одоогийн хааны гурав дахь эхнэрийн ууган хүү. Саудын хаан нийт 13 хүүхэдтэй ба Салман тэдний нэг, төдийлөн анхаарал татдаггүй хүн байсан юм.

Саудын Хааны их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсөөд хаан эцгийнхээ зөвлөхөөр ажиллаж, бас өөр хэд хэдэн албан тушаал хашиж байжээ. Тэр яг одоо улсынхаа батлан хамгаалахын сайдын албан тушаалд сууж, эдийн засгийн шинэчлэлтийг хариуцаж байгаа.

Сүүлийн таван жил Салман улс орныхоо эдийн засгийн газрын тосноос хамаарах хамаарлыг багасгахын төлөө ажиллаж байгаа юм. Тэр бас олон улсад ихээхэн шүүмжлүүлж байгаа Иемен дэх цэргийн ажиллагааг удирдаж байна.

Салман АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ойр холбоотой, Ираны эсрэг хатуу чиг шугам баримталдаг. Тэрээр Ираныг шийт урсгалын үзэл номлолыг дэлгэрүүлэх гэж оролддог, Исламын ертөнцийг захирахыг санаархдаг хэмээн буруутгадаг юм.

Тиймээс ханхүү Салманы эрх мэдэл нэмэгдсэнээр Саудын Арабын түрэмгий бодлого улам бүр нэмэгдэнэ гэж судлаачид үзэж байна. Дотооддоо Салман иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн асуудлуудад голлон оролцож, залуу, барууны боловсролтой хүмүүсийг дэмжих бодлого барьдаг. Ард иргэдийнхээ дунд энгийн даруу байдлаараа нэлээд алдартай.

Саудын Араб бол дэлхий дээр үлдсэн жинхэнэ утгаараа хаант засаглалтай сүүлчийн улс тул Салманы эрх мэдэлд бараг хязгаар байхгүй. Тиймээс дэлхий нийтийн анхаарал энэхүү залуу ханхүү дээр өнөөдөр төвлөрөөд байна.

Эх сурвалж: BBC