УИХ-ын гишүүн Д.Гантулга, дэд сайд Б.Цогтгэрэл нарыг цагдаад өгчээ

729

Өчигдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, ЗТЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл нарыг, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг гүтгэсэн хэргээр шалгуулахаар өргөдөл өгчээ.

Энэ үеэр Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан “Сүүлийн үед хэвлэл мэлээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХЗДХ- ийн дэд сайд Б.Энхбаяр нар манай нэр дэвшигчтэй холбоотой илт гүтгэсэн, хууль бус мэдээллийг цацах боллоо. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж өгч, үнэн зөвийг тогтоож өгөх хүсэлтийг манай нэр дэвшигч гаргасан. Тиймээс нэр дэвшигчийнхээ гаргасан өргөдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өглөө” гэв.

Мөн нэр дэвшигчтэй холбоотой хууль бус үйлдлүүдийг тухай бүрт нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байгаа гэдгээ онцолж байлаа. Мөн АН- аас ЦЕГ болоод СЕХ-нд гомдол гаргаж байгаа юм байна.

Энэ талаар Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан “Ардчилсан намын сонгуулийн штабын ухуулагчдыг цагдаагийн байгууллагаас баривчлах, шалгах, сурталчилгааны материалуудыг нь хурааж авах гэх мэт үйлдэл гарсаар байна. Цагдаа хүчний байгууллагуудын зүгээс илт нэг талыг бариад хуулийн дагуу ажиллаж байгаа ухуулагчдын ажлыг хийлгэхгүй байгаа уг үйлдлийг шалгуулах өргөдөл, гомдлыг ЦЕГ, СЕХ-нд хүргүүллээ” хэмээсэн юм.