Олон улсын валютын сан тус сангийн нөхцөлүүдийг хэрэгжүүлэх шинэчлэл доторх гадаадын валютын тухай заалтад болгоомжтой хандсаны улмаас Монголд үзүүлэх санхүүгийн тусламжийн багцыг батлахаа хойшлуулжээ. Олон улсын зээлдүүлэгчдээс олгох гурван тэрбум орчим ам.долларын зээлийг нээх ёстой ОУВС- гийн 425 сая ам.долларын санхүүжилтийг баасан гарагт Вашингтонд болсон уулзалтаар батална гэсэн хүлээлт байсан. ОУВС-гийн амлалт түүхий эдээр баялаг боловч өрөнд баригдсан Монгол Улсад арай бага хүүтэй олон улсын бонд гаргах боломж олгох юм. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ унасны улмаас үүссэн хүндрэлийг даван туулах дотоодын татварын зөөлөн бодлогыг дөрвөн жил хэрэгжүүлсний дараа дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол дахь ОУВС-гийн суурин төлөөлөгч Нил Сейкер гадаад хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн борлуулалтын орлогыг Монголын банкны дансаар дамжуулах тухай хуулийн шаардлагын улмаас батлах ажиллагаа хойшлогдсоныг мэдээлэв. Тэрбээр “Бидэнд уг заалтын шинж чанар, онцлог болон макро эдийн засгийн хүрээнд уг хөтөлбөр үнэ цэнэтэй хэвээр үлдэхийг тооцохын тулд илүү хугацаа хэрэгтэй байна” гэжээ. Хуулийн шаардлага нь таваарын уналтын үед дундарсан тус улсын валютын нөөцийг дэмжихэд зориулагдсан бололтой. Энэ заалт гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө зах зээлд гаргадаг “Рио Тинто”-гийн “Оюу Толгой” уурхай болон Хятадын хөрөнгө оруулалттай нүүрсний төслүүдэд голлон хамаарах юм.
монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч буй татварын бодлогыг чангатгах арга хэмжээ мөн хөтөлбөрт тусгагдсан. Улстөрчид “Оюу Толгой” мэтийн том төслүүдээс ирэх мөнгийг байрны зээл, боловсрол, төрийн албан хаагчдын өндөр цалин, замын төсөл зэрэгт зарцуулсан боловч уурхайн салбар уналтад ороход зээл авах замаар санхүүжүүлж байв. Үүний дээр ОУВС-гийн багц банкны салбарт дарамт үүсгэж болзошгүй. Учир нь сангаас тавьсан нэг нөхцөл нь Монголын арваад банкинд аудит оруулах явдал юм. Бараг бүх банк уул уурхай буюу уг салбартай холбоотой үйлдвэрлэлд үйлчилгээ явуулдаг аж.
Монголын гурван сая хүн амаас хөрөнгө татах өрсөлдөөний үед банкны хүү олон жилийн турш хоёр орон тоогоор хэмжигдэж байв. Гэвч энэ нь ялангуяа таваарын уналтын үед зээлдэгчдийн эргэн төлөлтөд муугаар нөлөөлсөн. Малчид, жижиг бизнес эрхлэгчид төдийгүй уул уурхай, улс төртэй холбоотой барилгын төслүүдэд хүртэл өрийн түвшин өндөр байна. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн зургаан тэрбум ам.доллар байгаатай харьцуулахад гадаад өрийн хэмжээ нь 23 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Эх сурвалж: Засгийн Газрын Мэдээ