Шалгалт явуулж, дээд боловсролын хуурамч дипломтойг нь илрүүлсний дараа Танзаний ерөнхийлөгч Жон Магуфули 9,932 төрийн албан хаагчийг Баасан гарагт нэг дор ажлаас нь халжээ.
Эдгээр албан хаагчдын дөрөвдүгээр сарын цалинг олгохгүй байхыг тэр үүрэг болгосон байна. Суларсан орон тоонууд дээр яаралтай шинэ хүмүүс авах зарлал гаргахыг ерөнхий сайд Кассим Мажаливад бас даалгажээ.
“Тэднийг хулгайч гэж үзэх хэрэгтэй. Шаардлага хангах боловсролгүй бол тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй” гэж ерөнхийлөгч Магуфули мэдэгдсэн байна. Хуурамч дипломтой албан хаагчдыг илрүүлсэн нь цаашлаад “амьгүй” төрийн албан хаагчдыг ил болгоход чухал алхам болох ажээ.
Ерөнхийлөгчийн өгүүлснээр Танзаний засгийн газар сар бүр $10 саяыг “амьгүй” албан хаагчдад зарцуулдаг юм байна. Өнгөрсөн оны тавдугаар сард явуулсан аудитын шалгалтаар 10,000 гаруй “амьгүй” албатын нэр дээр цалингийн зардал гарж байсан нь илэрсэн юм. Тэдний сарын зардал $2.74 сая байжээ.
Хуурамч дипломтон илрүүлэх аудитын шалгалтад 435,000 албан хаагч хамрагдсан гэж ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн Алба, Сайн Засаглал хариуцсан сайд Ангелла Каируки мэдэгдсэн байна.