Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулга Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өнөөдөр (2017.04.30) өндөрлөлөө.
Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгогдсон 750 орчим иргэнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад 700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцов.
Зөвлөлдөх уулзалтаар “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх-асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” гэсэн сэдвийн хүрээнд санал асуулгад оролцогчид 49 хэсэгт хуваагдан хэсгийн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн эдгээр сэдвээр нэгдсэн хуралдаанууд хийж, хэсгүүдээс гаргасан асуултад эрдэмтэн судлаачдаас бүрдсэн экспертүүд хариулт өгсөн юм.
Нэгдсэн хуралдааны үеэр хэсгүүдээс нийт 91 асуулт буюу нийт хэсгийн 57,1 хувь нь хоёроос дээш асуулт, үлдсэн хувь нь нэг асуулт тавьжээ. Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн 68 настай Б.Отгоннамжил найман асуудлаар 20 гаруй хуудас протокол хөтөлж, Зөвлөлдөх зөвлөлийнхөнд хүлээлгэн өгөв. Төлөөлөгчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулгын хуудас бөглөж, Зөвлөлдөх зөвлөл тэрхүү санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж гаргаж, УИХ-д танилцуулахаар боллоо.
Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хааж үг хэлэв.
Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлаас зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулга амжилттай болж өндөрлөж байна. Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь түүхэн ач холбогдол бүхий чухал үйл явдалд тооцогддог төдийгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэ удаагийн Улсын Их Хурал анхааралтай авч үзэж, нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах, хэлэлцэж эхлэхээс өмнө ард иргэдийнхээ санал, бодлыг сонссоны үндсэн дээр цаашид ажиллах чиглэлээ тогтоох учир энэхүү санал асуулгад Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгч байгаа билээ.
Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хоёр дахь бодит оролдлого хийж байна. Анхных нь 1999-2000 оны УИХ, Үндсэн хуулийн Цэц дамжсан үйл явц, эцэст нь одоо “дордсон” гэж нэрлээд байгаа долоон өөрчлөлт. Тэр үед нэг талаас төрийн ажил гацсан, эрх зүйн зохицуулалтын зөв буруугийн талаар тодорхой хэмжээний эргэлзээ үүссэн уур амьсгалтай байсан. Нөгөө талаас дээрх өөрчлөлтүүдийг өргөн олон нийтээр хэлэлцүүлээгүй, зөвхөн улс төрийн хүрээнд тухайн үед эрх барьж байсан намын, УИХ-ын хүрээнд түргэн гоомой шийдвэрлэсэн. Энэ нь дээрх өөрчлөлтүүдийг шүүмжлэх гол шалтгаан болсон. Тийм ч учраас сүүлийн гурван УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд улс төрийн хүрээнд болон нийгэмд яригдаж, тодорхой саналууд гарч, хуулийн төслүүд өргөн мэдүүлж байсан. Харин тодорхой шалтгаанууд тухайлбал, нийгэм даяараа нэгдсэн ойлголтод хүрэх ажлын зохион байгуулалт, дэг журам тодорхой бус, төвөгтэй, магадгүй нийгэм дэх хүлээлт өөрөө зүй ёсны түвшиндээ хүрээгүй байсан зэргээс болоод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлого бодитой үр дүнд хүрээгүй юм” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Энэ удаагийн үйл явцын эхний шатны асуулга нь 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон намуудын мөрийн хөтөлбөрт агуулгаараа туссан гэж үзэж болно. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтээсээ асууж байж, хэрэв ард түмэн шаардлагатай гэж үзвэл зарим нэмэлт, өөрчлөлт оруулна гэж тусгасан. МАН-ыг сонгогчдын олонхи дэмжиж, УИХ-д үнэмлэхүй олонхи болгосон. Үүнийг нийгэмд үнэхээр Үндсэн хуульд нэмэлт оруулах хүлээлт байна гэдгийг харуулж үүнийг хийгээч ээ гэж сонгогчид итгэл өгсөн гэж үзэж болно.
Ардчилсан өөрчлөлтөөр Танд, надад, бидэнд ирсэн хамгийн “том” бэлэг бол өөрийнхөө төлөө өөрөө сонголт хийх эрх юм.
Бүгдээрээ зөвлөлдвөл буруугуй, бүлээн усаар угаавал хиргүй гэсэн монгол хэлц бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэх, оруулбал тэр нь юу байх гэдэг талаар улс орныхоо өнцөг булан бүрээс ирж, хоёр өдөр хамтарч суугаагийн гол зорилго бол олон нийтийн төлөөлөл Та бүхэнд аль болох их мэдээлэл өгч сонголтоо оновчтой хийхэд тань тус болох явдал байлаа. Энэ ажил үр дүнтэй болсон гэж найдаж байна.
Би сая хоёр хоногт хэд хэдэн хүнтэй ярилцаж, яаж сонгогдсоныг нь сонирхсон. Тэд үнэхээр санаа ч үгүй, мэдээ ч үгүй байхад нь, ёстой санамсаргүй байхад нь дуудаж, энэ том арга хэмжээнд урьсныг хэлж байна билээ.
Та нар бол урьд нь ямар нэг бодлогоор тархи толгойг нь зориудаар цэнэглээгүй, угаагаагүй, өдөр тутмынхаа амьдралдаа зүтгэж, улс орныхоо хувь заяаны төлөө өөрсдийнхөө хэмжээнд сэтгэлээ чилээж явдаг жинхэнэ жирийн ард иргэд, малчин, ажилчин, сэхээтэн, эрэгтэй, эмэгтэй, залуу, ахмад монголчуудын бодит төлөөлөл, төр улсынхаа ирээдүйг тодорхойлоход оюун ухаанаа зарцуулах нэн хариуцлагатай нэгэн түүхэн ажилд оролцож байгаа хүмүүс билээ.
Энэхүү хоёр өдрийн уулзалтаар зургаан сэдвийн хүрээнд иргэдийн дунд нэгдсэн хуралдаанаар болон хэсгийн хэлэлцүүлгээр олон чухал асуудлаар өөр өөрийн санаа бодлоо хуваалцаж, идэвхитэй ажил хэрэгч маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүллээ. Иргэд өөрсдийн хувьд тодорхойгүй байгаа асуултаа экспертүүдээс асууж, хангалттай түвшинд хариултаа авсан гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Тэрбээр, “Бид одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиа болохгүй байна гэсэн талаас нь хэлэлцээгүй бөгөөд сайн Үндсэн хууль гэдгийг дийлэнх нь хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин Үндсэн хуульд дутагдаад байгаа хариуцлагын тогтолцоог бий болгох, эрх мэдлийн хуваарилалтыг Үндсэн хуулийн анхны утга агуулгад нийцүүлж, оновчтой болгон засч сайжруулах талаар ярьж буйгаа Та бүхэн асуултад эцэслэн хариулахдаа дахин нэг тунгаан бодсон байх аа.
Дөнгөж сая Та бүхний гүйцээсэн санал асуулгын дүнг Монголын нийгэмд нэр хүндтэй, хариуцсан ажил, чиглэл, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдээс бүрдсэн Зөвлөлдөх зөвлөл тунгаан дүгнэж, зөвлөмж гарган УИХ-д хүргүүлнэ. Тодорхой асуудлуудаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж зөвлөмж гарвал үүнийг эцэслэн шийдвэрлэх ажлыг УИХ өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиудын хүрээнд гүйцээж хийх юм. Та бүхний маань хариу Таны баримталж буй байр суурь, итгэл үнэмшил тань сэтгэл амгалан, амьдрал хангалуун, төрдөө итгэлтэй Монгол хүн бүрийн хүсэл эрмэлзэлтэй агаар нэг байх болтугай.
Өөрийн үгээ хэлэх, хэлэлцүүлэгг оролцох, саналаа өгөхөөр нийслэл, орон нутгаас өөрсдийн цаг заваа зарцуулан энд хүрэлцэн ирж, зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд оролцсон Та бүхэндээ хувиасаа болон Улсын Их Хурлын нэрийн өмнөөс дахин гүн талархал илэрхийлье” гэлээ.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулсан Ардын Их Хурлын депутат асан Д.Ламжаваар ахлуулсан Зөвлөлдөх зөвлөл, Улсын Их Хурлын гишуун Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсэг, Үндэсний статистикийн хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн ордон дахь байгууллагуудын хамт олон, экспертүүд, ажиглагчид, хэсгийн хэлэлцүүлгийг хөтлөн зохион байгуулсан хөтлөгч, ерөнхий хөтлөгч нарт талархал илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.