Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгээр хэд хэдэн төрлийн зардлыг хаслаа

606

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2017.04.12) нэгдсэн хуралдаанаар 

  • Монгол Улсын 2017оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцээд, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Төсвийн байнгын хорооноос Ажпын хэсэг байгуулж, Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг судлан, санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэлээ.

Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлыг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшинд тооцож бууруулах, төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтын Барилга, хот байгуулалтын сайдын багцын дугаар бүхий заалтуудад тусгагдсан төсөл, арга хэмжээг хасах саналыг дэмжив.

Тус Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсаныг гадаад зээл, тусламжаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээс нэмэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд эсвэл тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ нэмэгдсэн зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож бууруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 28.7 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй, хөрөнгө оруулалтын санхүүжилт бүрэн олгогдсон 0.7 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй, нийт 7 төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасаж, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэснийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсэн байна.

Улсын төсвийн зарлагын өөрчлөлттэй холбоотой саналыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн орлого, зарлагад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй 30 саналын томъёолол бүрээр санал хураалт явууллаа.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсан. Үүнийг гадаад зээл, тусламаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээс нэмэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд эсвэл тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ нэмэгдсэн зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцоож бууруулахыг гишүүд 90 хувийн саналаар дэмжлээ.

Соёлын төвийн оронд эмнэлэг байгуулна.  

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалтад өөрчлөлт оруулах чиглэлээр тодотголоор нэмэгдүүлсэн эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшинд тооцож бууруулах, төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтын Барилга, хот байгуулалтын сайдын багцын дугаар бүхий заалтуудад тусгагдсан төсөл, арга хэмжээг хасах саналуудыг гишүүдийн олонхи дэмжив.

Түүнчлэн зохицуулалт хийх дөрвөн саналыг Ажлын хэсгээс гаргасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 20,000.0 төгрөгөөр нэмэгдүүлж, үүнээс тус сайдын багцын геологи, хайгуул судалгааны зардалд 3,994.8 сая төгрөг, урсгал зардалд 1,005.2 сая төгрөгийг тус тус нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүд 88.5 хувийн саналаар дэмжсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дахь тусгай зохицуулалтын шилжүүлгээс санхүүждэг, Өнөр бүл хүүхдийн төсвийн 2017 оны батлагдсан төсвөөс 242.0 сая төгрөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөвт шилжүүлэхийг гишүүд 88.3 хувийн саналаар дэмжив.

Төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтад “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёлын төвийн барилга (Дорноговь, Замын-Үүд сум), хэрэгжих хугацаа 2013-2017 он, төсөвт өртөг 5,844.1 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 756.6 сая төгрөг” гэж тусгажээ. Үүнийг өөрчлөн, соёлын төвийн оронд 100 ортой эмнэлэг барьж, (Дорноговь, Замын-Үүд сум), төсөвт өртөг 4,506.0 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 633.0 сая төгрөг” болгожээ.

Ийнхүү Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.