Өмнөд Хятадын тэнгис: эзлээгүй арлуудыг эзлэхийг Филиппиний ерөнхийлөгч тушаажээ

764

Маргаантай байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг эзлэн Филиппиний далбааг мандуулахыг тус улсын ерөнхийлөгч Родриго Дутертэ зэвсэгт хүчиндээ өчигдөр тушаасан байна.

Өчигдөр Дутертэ Палаван дахь цэргийн ангид зочлохдоо ингэж хэлснийг AFP агентлаг дамжуулжээ. Палаван нь маргаантай Спратлей арлуудад хамгийн ойр байрладаг цэргийн бааз юм.

Дутертэгийн энэ алхам Хятадтай аядуу зөөлөн харьцаж байсан Манилагийн бодлогод гэнэтийн өөрчлөлт гарсныг харуулж байна. “Бүгд эдгээр арлуудыг авахыг санаархаж байна. Тиймээс эзгүй хоосон байгаа дээр нь бид түрүүлж хүрэх хэрэгтэй” гэж Дутертэ сэтгүүлчдэд ярьжээ.

Манила Спратлей хавийн 9-10 арлыг өөрийн харьяа гэж үздэг бөгөөд тэднийг бүгдийг эзлэхийг зэвсэгт хүчиндээ тушаасан гэж тэр бас хэлсэн байна.

Филиппиний тусгаар тогтнолын өдөр буюу ирэх зургаадугаар сарын 12-нд Дутертэ өөрийн биеэр эдгээр арлуудад зочлох төлөвлөгөөгөө мөн дэлгэжээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх ихэнх арлыг Бээжин өөрийн газар нутаг гэж зарлаад хиймэл арал байгуулж, цэрэг зэвсгийн хүчээ байрлуулах болсон юм. Гаагийн олон улсын шүүх 2016 оны зургаадугаар сард энд үүссэн газар нутгийн маргааныг хэлэлцээд Филиппиний талд дүгнэлт гаргасан боловч Дутертэ Хятадтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж, газар нутгийн маргааны асуудлыг хөндөлгүй хойш тавьж байсан юм.

Эх сурвалж: BBC