Шотландчууд хоёр дахь удаагаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгнө

802

2018 оны сүүл, 2019 оны эхээр Шотландчуудын дунд тусгаар тогтнолын төлөө санал асуулга явуулах талаар Британий засгийн газартай ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлнэ гэж Шотландын тэргүүн сайд Никола Старжен өчигдөр буюу Даваа гарагт зарлажээ.

Түүний мэдэгдэл Британий ерөнхий сайд Тереза Мэй энэ долоо хоногт Европын Холбооноос гарах үйл явцыг эхлүүлэхээ зарласантай зэрэгцэж байгаагаараа онцлог юм.

Старжен “Ирэх долоо хоногт би Шотландын парламентаас Британий засгийн газартай хэлэлцэж эхлэх зөвшөөрөл хүсэх болно” гэжээ.

2014 оны есдүгээр сард болсон Шотландын тусгаар тогтнолын анхны санал асуулгаар иргэдийн 55 хувь нь Их Британид үлдэхийг дэмжиж байв. Гэвч өнгөрсөн онд болсон Британийг Европын Холбооноос гаргах санал асуулгын дүн нөхцөл байдлыг өөрчилсөн тул Шотландчууд дахин сонголт хийх ёстой гэж Старжен тэргүүтэй тусгаар тогтнолын талынхан үзэж байгаа юм.

Харин Британий ерөнхий сайд Тереза Мэй Европын Холбоотой хэлэлцээр хийхдээ Шотландыг оролцуулан Британийг бүхлээр нь төлөөлөх ба Европын Холбооноос гарсны дараа Шотландад илүү их автономит эрх олгоно гэж амлаж байгаа.

Гэвч Шотландын Тусгаар тогтнолын Намынхан 2014 оны санал асуулгаар амлаж байсан зүйлс Европын Холбооноос гарснаар хүчингүй болж байгаа гэж үздэг юм.

Эх сурвалж: AFP