-Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх тавдугаар сард Хятадад айлчилж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны форумд оролцохоор ярилцсан байна-
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёрдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Бээжинд албан ёсны айлчлал хийлээ. Урд хөршийг зорьсон түүний айлчлал амжилттай болж, Хятадын талтай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцаж тохиролцжээ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх тавдугаар сард Хятадад айлчилж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны форумд оролцохоор ярилцсан байна. Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Хятадын талаас дэмжлэг тусламжаа өргөжүүлж, олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсныг Ван И мэдэгдэв. Тухайлбал, гадаад худалдаа, валютын ханшийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй валют солилцооны гэрээг сунгахаар болсныг хамтран зарласан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.Монголын Төв банк 2014 онд Хятадын талтай 15 тэрбум юанийн валют солилцооны гэрээ байгуулсны хугацааг сунгахаар болсон байна. Монгол Улс нь худалдааны хамгийн том хамтрагч Хятад улстай юаниар арилжаа хийдэг билээ. Түүнчлэн Монголоос хөдөө аж ахуйн болон уул уурхайн олборлолтын бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, олон улсын санхүүгийн байгууллагын тусламжийг дэмжих зэргээр олон төрлийн дэмжлэг үзүүлэн, гараа сунгана гэдгээ Бээжин мэдэгдээд байгаа юм.
Олон улсын валютын сан өнгөрсөн ням гаригт (2017.II.19) Монголын Засгийн газартай тохиролцож, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-төө хамруулахаар болоод байна. Үүнээс өмнө Монгол Улс ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны бондын эргэн төлбөр 580 сая ам.долларыг төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байв. Харин Олон улсын валютын сангаас эхний ээлжид гурван жилийн хугацаатай 440 сая ам.долларын тусламж үзүүлж, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсаас нийт гурван тэрбум ам.долларын тусламж татахыг мэдээлжээ.
Бурханы шашны тэргүүн XIV Далай лам өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр Монгол Хятадын харилцаанд таагүй байдал үүсгэсэн ч өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Хятадын Гадаад хэргийн сайд нар утсаар ярилцсаны дараа нөхцөл байдал зөөлөрчээ. Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Хятадын талд энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд XIV Далай ламыг дахин Монголд айлчлуулахгүй байх амлалт өгсөн аж. Түүнчлэн өчигдөр өндөрлөсөн айлчлалын үеэр Ц.Мөнх-Оргил Монгол Улс Бээжингийн “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэж, Түвд нь тус улсын газар нутгийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэдгийг онцлон мэдэгджээ.
Эх сурвалж: ECNS