Цагаан сараар аав, ээж, төрөл садандаа төдийгүй ирсэн зочин бүрт, айл бүхэн өөрийн бэл бэнчингийн хэрээр бэлэг өгдөг уламжлалтай. Харин сүүлийн жилүүдэд гадны ялангуяа Хятадын чанаргүй бараагаар гар цайлгах нь элбэгшив. Тэр үеэс эхлэн цагаан сараар бэлэг өгч, авахын хэрэг байна уу гэсэн асуулт, эргэлзээ гардаг боллоо. Бэлэг бол хүндэтгэл, хүмүүсийн дотно харилцааны нэг хэрэгсэл юм. Хүмүүс хэрэгтэй зүйлсээ хоорондоо байнга солилцож амьдардаг. Энэ харилцаагаа шинэ жилд хэвийн үргэлжлүүлэхийг бэлгэшээж, бэлэг өгч, авдаг. Тиймээс энэ уламжлалыг үргэлжлүүлэх учиртай гэж боддог. Харин цагаан сарын бэлэг бэлтгэх, өгөхдөө харгалзах зүйл цөөнгүй байдаг. Бэлгийн үнэ цэнээс илүү бэлгэ дэмбэрлийг нь чухалчилна. Эдийн дээдийн цагаан цайвар өнгө, дээшээ харсан ам амсартайг нь сонгоно. Бэлэг өгөхдөө тухайн хүний мэргэжил, эрхэлсэн ажил, хэрэгцээ сонирхол зэргийг харгалзана. Тухайлбал багш, эрдэмтэн, оюутан хүмүүст ховор нандин ном судар, малчин, анчин хүнд дуран, хүүхдэд тоглоом сонгож болох юм. Зочныхоо ямар нэг хэрэгцээг хангах, аваад баярлах тийм бэлгийг урьдаас таамаглаж бэлтгэх нь чухал. Бидний багад ахмад, хүндтэй хүмүүст хадаг тэргүүтэй бэлэг барьдаг. Харин залуу, дунд, ахимаг насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст хөөрөгний даалин, аяганы хавтга, дээл доторлоход зориулсан хурга ишигний элдсэн арьс, малгай, нударга хийхэд зориулсан үнэг, шилүүс, мануулын арьс, гурын хүзүүгээр хийсэн хуйв, ногт, хазаарын зориулалттай сур, бугуйл, хазаарын амгай, хормойн боолт, ээмэг бөгж, бугуйвч, шүр, сувдан чимэглэл мөнгөн зоос зэрэг гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бэлэглэдэг байлаа. Хүүхдүүдэд ааруул, боов, чихэр бэлэглэх нь элбэг байв. Өнөө үед өөрийн үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнээр бэлэг өгөхийг эрмэлзэж байгаа нь монгол хүний хийсэн зүйл монгол хүндээ илүү тохиромжтой, өгөөжтэй, бас уламжлалаа хадгалахад хэрэгтэй. Цагаан сарын бэлгийг зочноо явахаар завдах үед өгөх нь тохиромжтой. Монголчууд хүний өгсөн бэлгийг дордуулахгүй харин нэмүү, чанартай болгож өгөхийг хичээдэг заншилтай. Цагаан сарын бэлгийг гар татахгүй тавиухан өгөх нь хүмүүс элбэг дэлбэг байхыг бэлгэшээж байдагтай ч холбоотой. Бэлгийг ахмад настан буюу өрхийн тэргүүлэгчээс нь эхлэн насны эрэмбээр гэрийнхээ үүдэн талаас хоёр гардаж өгнө. Хэн нэгэн хүнд бэлэг өгөхгүй өнгөрч болохгүй. Үүнийг сайн анхаарах учиртай.
Т.ЖАМБАЛДОРЖ
Эх сурвалж http://www.info.mn