Ч.Хүрэлбаатар: Олон улсын зах зээлээс мөнгө босгох ганц арга ОУВС

548

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах ёстой байсан ч УИХ-ын гишүүдийн санал зөрөлдөж, МАН-ын бүлэг нэг өдөр завсарлага авлаа.

Засгийн газар ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдахаар тус сангийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байгаа энэ үед Хөгжлийн банкны тухай хуулийг баталбал хэлэлцээрт сөргөөр нөлөөлнө гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үзэж буй юм.

ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж буй. Тэд Хөгжлийн банкны үйл ажиллагааг энэ чиглэлээр явуулж болохгүй хэмээн 13 санал хүргүүлжээ. Эдгээр санал хүсэлтийг нь Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлдөө тусгаж өгөөгүй иймээс өнөөдөр энэ асуудлаар завсарлага авах нь зүйтэй гэсэн саналыг Ч.Хүрэлбаатар илэрхийлсэн юм.

Түүнчлэн тэрбээр “ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн нэг гол хэсэг нь Хөгжлийн банк. Яагаад гэхээр ийм их хэмжээний мөнгийг төсвөөс гаргах гэж байна. Ийм хэмжээний мөнгийг зөв зарцуулах уу, хяналт нь ямар байх уу зэрэг олон асуудлууд орж ирж байгаа учир хойшлуулах санал гаргасан. Одоо Монгол Улс олон улсын зах зээлээс мөнгө босгох ганц арга ОУВС-гийн хөтөлбөр. Хэрвээ бид Хөгжлийн банкны хуулийг өнөөдөр баталчихвал манай Засгийн газарт зээл өгөх асуудал ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэхгүй. Үнэхээр хурдан ажиллах чадах бол өнөөдөртөө засаад маргааш баталъя” гэсэн юм.

Харин тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг З.Нарантуяа “ОУВС-гаас ирүүлсэн 13 саналыг тодорхой хэмжээгээр хуульд тусгаж өгсөн. Асуудал юундаа үүсээд байна вэ гэхээр Төсвийн хуультайгаа уялдах шаардлага гарсан. Хөгжлийн банкны хуулиа өнөөдөр батлаад бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдээд явахад зарчмын хувьд асуудал байхгүй. Хууль батлагдах нь хамгийн чухал” гэв.

Ингээд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг хойшлуулах Ч.Хүрэлбаатар гишүүний горимын санал гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Гэсэн хэдий ч УИХ-ын Дэгийн хуульд заасны дагуу олонхийн бүлэг буюу УИХ дахь МАН бүлэг энэ асуудлаар нэг хоногийн завсарлага авлаа.