УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийг 500 мянган хүн амтай хотод зориулж, 1964 онд ашиглалт оруулснаас хойш 53 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдөр хотын хүн ам 1.3 саяд хүрч орон сууцны шинэ барилгууд олноороо ашиглалтад орсоор байна. Улаанбаатар хот баруун хаяанд байсан ганц цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, аюулын түвшинд ажиллаж байгаа юм.
Хоногт дунджаар 170 мянган метр куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж өнөөдөр 190-210 мянган метр куб бохир ус хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийн, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлээд Туул голд нийлүүлж байна. Байгууламж нь 2-5 дахин их бохирдолтой, хүчин чадлаасаа 20-40 мянгаар их усыг хүлээн авч байгаа юм.
Сүүлийн жилүүдэд хүлээн авч байгаа бохир усны болон бохирдлын хэмжээ эрс нэмэгдсэн. Бохирдуулагч үйлдвэрүүд нь урьдчилсан цэвэрлэгээ хийлгүй өндөр бохирдолтой усыг төвлөрсөн шугаманд нийлүүлдэг. Лагийг бүрэн боловсруулж дийлэхгүй, хүнд металийн агууламжтай бүрэн усгүйжүүлээгүй лагийг задгай талбайд хатаадаг учир үнэр ялгаруулах эх үүсвэр болж байна хэмээн танилцууллаа.
Иймд хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр орчин үеийн технологитой байгууламжийг барих үндсэн ажил хийх шаардлагатай байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогчЖ.Батбаясгалан: Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлаж, 4.8 тэрбум төгрөгийн өртгөөр маш сайн ТЭЗҮ хийлгэж авсан. Шинэ цэвэрлэх байгууламжийг 320 сая ам.долларын өртгөөр байгуулах тооцоо гарсан. Энэ мөнгийг хот дангаараа дийлэхгүй учир Барилга, хот байгуулалтын яам, Засгийн газрын дэмжлэг шаардлагатай болно гэв.
Төв цэвэрлэх байгууламжийг Францын VIELLO компани барихаар тендерт шалгарсан байна. Тус компанитай энэ сард гэрээгээ хийж, ирэх дөрөвдүгээр сард цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Байгууламжийг 25-30 жилийн хугацаатай концессийн гэрээгээр барих бөгөөд 12-15 жилд хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна.
УИХ-ын гишүүн Д.Батзориг: Байгууламжийг хэдэн жил ашиглаад төрд шилжүүлэх, төрөө үнэ төлбөр авах уу? гэсэн асуулт тавилаа.
Ж.Батбаясгалан: Төрд үнэгүй шилжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш хэдэн жил ажиллуулаад төрд шилжүүлэх талаар шийдээгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Цэвэрлэх байгууламжийг засварлах, шинэчлэх нэрээр асар их хөрөнгө зарцуулсан. Үр дүнтэй, үр дүнгүй хэчнээн тэрбум төгрөг зарцуулав. Өнгөрсөн жил гэхэд л 8.1 тэрбум төгрөг Улсын төсөвт суулгасан. Энэ хөрөнгөөр юу хийв?
Ж.Батбаясгалан: 8.1 тэрбум төгрөгийг АСЕМ-ийн бэлтгэл ажилд зориулж төсөвлөсөн. Энэ хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг дарах, технологийг сайжруулах зэрэг 25 ажил хийхээр төлөвлөснөөс 15 ажлыг бүрэн хийж, долоон ажил дутуу гүйцэтгэлтэй, дөрвөн ажил гэрээ хийх шатандаа байна байна гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Төв цэвэрлэх байгууламжийг барих талаар УИХ биш Улаанбаатар хотын нэг агентлаг хариуцаад хийх ёстой ажил. Байгууламжийн барилгын ажлыг 2017 ондоо багтаан эхлэх ёстой. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд багтаан дуусгах ёстой. Улаанбаатар хот бохироосоо салах ёстой. Асуудлыг захиргааны аргаар шийдвэрлэ.
Өнгөрсөн дөрвөн жилд мэргэжлийн хүмүүсийг нь үлдээлгүй ажлаас халсан гэж байна. Мэргэжлийн боловсон хүчнийг ажиллах нөхцөлөөр хангаж өг. Хойтон жил өдийд цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцыг УИХ дээр сонсмоор байна. Чадахгүй бол Барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Улаанбаатар хотын Засаг даргыг огцруулах асуудлыг ярина гэж байр сууриа илэрхийллээ.