УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг хуулийг 2000 онд баталсан байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2014 онд уг хуулийг цаг үетэй уялдуулан шинэчлэх үүргийг Засгийн газарт өгчээ. Үүний дагуу Засгийн газраас хуульд дөрвөн зүйл бүхий нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж, өргөн барьжээ. Тухайлбал, хуульд төрийн албан хаагчийн Дипломат төлөөлөгчийн газарт гурван жилийн хугацаатай томилдог байсныг дөрөв болгосон байна. Төрийн албаны цалин хөлс хувийн хэвшлээс бага байдаг. Үүнээс үүдэн дипломат албанд ажиллах мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин хувийн хэвшилд шилжих нь нэмэгдсэн байна. Тиймээс Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын цалин хөлсийг Засгийн газар гурван жил тутам шинэчлэн тогтоох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр буюу энэ сарын 18-нд хэлэлцэж, таван зарчмын болон найруулгын зөрүүтэй санал оруулсан байна. Тухайлбал, дипомат төлөөлөгчийг эх орондоо ирэхэд нь урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах гэснийг “ажлын байраар хангах” хэмээн өөрчлөх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Дипломат төлөөлөгчдийн хэдэн хүүхдийг цэцэрлэгт сургах вэ. Нийт төлбөрт нь хэдэн төгрөг зарцуулах вэ” хэмээн тодруулсан. Жилд 35 хүүхдийг 300 мянган ам.доллараар сургахаар төлөвлөсан гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.
Ирэх зургадугаар сарын 01-нээс Японоос эхлээд дөрвөн дипломат төлөөлөгчийн газрыг буулгахаар төлөвлөсөн. Төлөөлөгчийн газруудыг хаах шалтгааныг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, “Бид олон оронд дипломат төлөөлөгчийн газар байгуулсан. Үүнийг дагаад дипломат албанд тавьдаг шаардлага суларсан. Үүнтэй холбоотой дипломат төлөөлөгчид хилийн чанадад хууль зөрчих зэрэг асуудал гарсан. Тиймээс шаардлагагүй төлөөлөгчийн газруудыг татан буулгах нь зөв гэсэн чиглэл Засгийн газарт өгсөн. Тэр дагуу салбарын яамнаас хуулийн төслөө өргөн мэдүүлсэн” хэмээн хариуллаа.
Ийнхүү байнгын хорооноос ирүүлсэн таван зарчмын зөрүүтэй саналаар тус бүрд нь санал хураалт явууллаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.